"Ихбит"-ийн хувьцаа эзэмшигч О.Мөнхжин сагсан бөмбөгийн “IHC Apes” багаа “Шунхлай” группт 6 тэрбум төгрөгөөр зарж магадгүй байна

"Ихбит"-ийн хувьцаа эзэмшигч О.Мөнхжин сагсан бөмбөгийн “IHC Apes” багаа “Шунхлай” группт 6 тэрбум төгрөгөөр зарж магадгүй байна

Монголын сагсан бөмбөгийн дээд лигт хэдийн байр сууриа олж, үзэгчдийг байлдан дагуулж чадсан баг бол яах аргагүй “IHC Apes”. Inflation Hedging Coin (IHC) компанийн үүсгэн байгуулагч О.Мөнхжин тус багийг нэгтгэн дээд лигт хүчтэй өрсөлдөгчдийн нэг болгосон.

Өнгөрсөн хугацаанд IHC Apes баг үзэгчдэдээ сэтгэл догдлуулсан гайхалтай тоглолтуудыг үзүүлж, багийн эзэн О.Мөнхжин ч багийнхаа төлөө шатаж, баярлаж, бардаж байсан. Тэрхүү сэтгэл хөдлөлөө ч үзэгчдээс нуулгүй ил гаргаж байв. Энэ нь ч Монголын сагсан бөмбөгийн дээд лигт нэгэн өнгө төрхийг бүрдүүлж байсан юм.

-IHC APES БАГИЙГ “ШУНХЛАЙ” ГРУПП 6 ТЭРБУМААР ХУДАЛДАЖ АВЧ МАГАДГҮЙ БАЙНА-

Тэгвэл О.Мөнхжин IHC Apes багаа “Шунхлай” группт зарахаар болсон талаар эх сурвалж мэдээллээ. Тэрээр анх IHC Apes багаа бүрдүүлэх үедээ 5 тэрбумыг зарцуулж байсан гэх мэдээлэл байдаг ба энэ удаад “Шунхлай” группт багаа 6 тэрбум төгрөгөөр зарж байгаа гэх албан бус мэдээлэл байгаа юм. Энэ талаар бид IHC Apes багийн зарим тоглогчдоос тодруулахад “баг зарагдах болсон талаар мэдээлэл одоохондоо аваагүй байна. Хэрвээ зарагдахаар бол энэ бүрэлдэхүүнээрээ цаашид тоглох эсэхээ багаараа ярилцаж байж шийдэх байх. Баг дотор ямар нэгэн санхүүгийн асуудал, хоорондын маргаан гараагүй” гэсэн мэдээллийг өгсөн юм.

-О.МӨНХЖИНГИЙН ААВ Ц.ОТГОНБААТАР "IHC APES" БАГИЙГ ДАСГАЛЖУУЛЖ БАЙЖЭЭ-

Одоогийн IHC Apes багийн бүрэлдэхүүнд :

  • М.Өлзий-Орших
  • Б.Тулуй
  • Н.Ганбаатар
  • Э.Цэрэнбаатар
  • Ц.Санчир
  • Ц.Сэргэлэнбаатар
  • Anthony Smith
  • Н.Батбаяр
  • Kyree Walker нар багтаж байгаа бөгөөд Азийн ДАШТ-ний шигшээ багт М.Өлзий-Орших, Н.Батбаяр нар багтсан юм.

Apes гуравдугаар сарын 1 /2024.03.01/-нд плей-оффын хагас шигшээ шатны цувралын тав дахь тоглолтыг “Бишрэлт металл”-тай хийж харамсалтайгаар хожигдол хүлээсэн. Харин тэрхүү чухал тоглолтынхоо өмнө тус баг Славолуб Лале Горунович гэх ахлах дасгалжуулагчаа халах шийдвэр гаргасан юм. Үүний дараа сүүлийн гурван тоглолтон дээр О.Мөнхжингийн аав Ц.Отгонбаатар “IHC Apes” багийг дасгалжуулсан билээ.

IHC APES багийн дасгалжуулагч Ц.Отгонбаатар