"Бүсчилсэн хөгжлийн чуулган 2024" зүүн бүсийн урьдчилсан хэлэлцүүлэг боллоо

"Бүсчилсэн хөгжлийн чуулган 2024" зүүн бүсийн урьдчилсан хэлэлцүүлэг боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар “Монголын хөгжлийн форум”-ыг хоёрдугаар сарын 1,2-нд зохион байгуулна. Энэ хүрээнд "Бүсчилсэн хөгжлийн чуулган 2024" үйл ажиллагааг бүс, бүсээр нь зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр зүүн бүсийн урьдчилсан хэлэлцүүлэг Удирдлагын академийн "Б" байранд болж өнгөрлөө.

Зүүн бүсийн урьдчилсан хэлэлцүүлэгт аймаг, нийслэлийн холбогдох төрийн албан хаагч, орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлагууд, нутгийн өөрөө удирдах байгууллага, улс төрийн нам, эвсэл, мэргэжлийн холбоод, иргэний нийгэм, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл оролцлоо.

Манай улс 2001 онд бүсчилсэн хөгжлийн бодлого боловсруулахдаа дөрвөн бүсэд хувааж байсан бол энэ удаа говь, хангай, зүүн, баруун, төв, хойд гэсэн зургаан бүсэд хувааж байгаа бөгөөд УИХ-ын сонгуулийн тойргийг ч энэ зургаан бүсэд хуваахаар болсон. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хөгжлийн бүсчлэлийг УИХ-ын сонгуулийн тойрогтой уялдуулжээ. Монгол Улсын газар нутгийг эдийн засгийн дараах зургаан бүсэд хуваасан аж.

  • Дорнод Монголын эдийн засгийн хөгжлийн тэнхлэг, үйлдвэрлэл, аялал жуулчлал, ногоон хөгжлийн бүс (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)

Бүсийн төв: Чойбалсан

  • Хариуцлагатай уул уурхай, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээ, палеонтлогийн аялал жуулчлалын бүс (Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь)

Бүсийн төв: Даланзадгад

  • Байгалийн нөөц, аялал жуулчлал, ногоон хөгжлийн бүс (Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай) 

Бүсийн төв: Баянхонгор

  • Өрнөд Монголын эдийн засгийн хөгжлийн тэнхлэг, алтайн соёл, байгалийн нөөц, ногоон хөгжлийн бүс (Ховд, Баян-Өлгий, Увс) 

Бүсийн төв: Ховд

  • Хангайн эрчимжсэн хөдөө аж ахуй, аялал жуулчлал, ногоон хөгжлийн бүс (Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган, Архангай, Хөвсгөл, Завхан) 

Бүсийн төв: Улиастай → Шинэ нийслэл

  • Олон улсын шинжлэх ухаан, технологийн төв, тээврийн зангилаа, өндөр технологийн үйлдвэрлэл, үйлчилгээний бүс (Төв, Улаанбаатар)

Бүсийн төв: Улаанбаатар

  • Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын төслийг ирэх гуравдугаар сард УИХ-д өргөн барьж, батлуулна. Дараагийн 30 жилд хэрэгжих тус үзэл баримтлалд иргэн, улс төрийн намууд, орон нутгийн удирдлагууд, бизнесийн төлөөллийн үгийг сонсож, саналыг нь тусгах юм.