Монголын шатрын шигшээ баг  “Дэлхийн цом 2023" тэмцээнийг зорижээ

Монголын шатрын шигшээ баг  “Дэлхийн цом 2023" тэмцээнийг зорижээ

"ДЭЛХИЙН ЦОМ 2023" тэмцээнд оролцох Монголын шатрын шигшээ баг XIII-XIV зуунд Монгол морьдын тоос босч, бидний өвөг дээдэс дэлхийн тоглоомын дүрмийг зохиосон түүхэн он жилүүдэд Эзэн Чингисийн ач хүү, Тулуй хааны хүү Хүлэгү хан үүсгэн байгуулсан Ил хаадын улсын бүрэлдэхүүнд багтаж асан Азербейджан улсыг өнөөдөр зорьж, Хөшигтийн хөндийн онгоцны буудлаас хөх тэнгэр лүү дүүлэн нислээ.

Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Дэлхийн шатрын холбооны дасгалжуулагч С.Ган-Одоор ахлуулсан дараах 4 тамирчин "ДЭЛХИЙН ЦОМ 2023" тэмцээнд нумаа хөвчилж,сумаа тавьж, жаран дөрвөн буудал дээр, жанжидын ухаанаар тэмцэлдэнэ.

  • Б.Мөнгөнтуул
  • Т.Мөнхзул
  • С.Билгүүн
  • Г.Амартүвшин

"Дэлхийн цом" нь 2 жилд нэг удаа зохиогдож нокаут буюу хасагдах системээр явагддаг хамгийн харгис мөн шударга, ардчилсан тэмцээн. 2005 оноос албан ёсоор эхэлсэн арав дахь удаагийн "Дэлхийн цом" тэмцээнийг Домогт аварга Г.Каспаровын унасан газар, угаасан ус Азербейджан улс хүлээн авч нийслэл Баку хотноо 07-р сарын 30-08-р сарын 25 хүртэл эрэгтэй эмэгтэй төрлөөр зохион байгуулна.