ТОДРУУЛГА: Хоттой мал руу нь баавгай дайрах үед "нохой нь хуцаж байсан ч малчид мэдээгүйн" улмаас 10 үхэр бариулж зургаа нь үхсэн байсан

ТОДРУУЛГА: Хоттой мал руу нь баавгай дайрах үед "нохой нь хуцаж байсан ч малчид мэдээгүйн" улмаас 10 үхэр бариулж зургаа нь үхсэн байсан

Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл багийн нутагт малчны хот руу баавгай дайрч, мал сүрэгт нь их хэмжээний хохирол учруулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл уг хэрэг явдлыг тодруулахаар Бугат сумын Засаг даргын орлогч Н.Отгонбаатартай холбогдож ярилцлаа.

Тэрбээр "Баавгай малчны хот руу дайрсан хэрэг нь тавдугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө болсон. Болсон процесын тухайд гэвэл шөнө тухайн малчны нохой нь хуцаж, ямар нэгэн юм боргох чимээ гарсныг малчид адуу ирж байна гээд тоогоогүй юм билээ. Энэ үеэр байвгай, бамбарууштайгаа малчны хот руу дайрсан байгаа юм. Малчид уг хэрэг явдлыг өглөө нь мэдсэн бөгөөд байвгай арван үхэр барьж зургаа нь үхсэн байсан. Тухайн малчдад өөрсдөд нь ямар нэгэн гэмтэл, бэртэл учраагүй. 

Тавдугаар сарын 1-нд уг малчны дуудлага мэдээллийн дагуу сумын Засаг даргаар ахлуулсан баг хэрэг явдалтай танилцаж, аймгийн холбогдох шатны байгууллагад мэдээлэл өгсөн. Мөн үүнтэй холбоотойгоор сумаас баг бүрэлдэхүүн гаргаж, малчдадаа зөвлөгөө мэдээлэл хүргэж, сүүлийн хоёр хоног тус бүс нутагт ажиллаж байгаа. 

Урьдчлсан байдлаар дээрх хэргийн дүгнэхдээ хавар болж ичээнээсээ гарсан байвгай хоол тэжээлгүйн улмаас малчны хот руу дайрсан хэмээн үзэж байгаа. Хоёр жилийн өмнө ийм хэрэг бас гарч байсан. Тухайн бүс нутаг нь хад чулуу ихтэй, уулархаг, ой модтой газар байдаг. Мөн одоогоор байнгын хяналт, шалгалт явуулж тухайн бүс нутгаас малчин өрхүүдийг яаралтай нүүх чиглэл өгсөн" гэлээ.

Сэтгүүлч: Т.Бямбажаргал