ЗГ: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсвийг баталлаа

ЗГ: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсвийг баталлаа

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийн техник хяналтын зардлын санхүүжилтийн тухай Засгийн газрын тогтоол”-ыг танилцууллаа.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ын талаар, авах арга хэмжээний талаар Засгийн газрын тогтоол батлагдсан. Тогтоол дээр дөрвөн зүйлийг шийдсэн. Үүнд:

  1. Техник хяналтын зардал тав орчим сая ам.доллар байгаа. Уг зардлыг 2024-2027 оны улсын төсөвт суулгах тогтоол гарсан. Тус даалгаврыг Сангийн сайд С.Жавхлан, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хоёрт даалгасан.
  2. Эд хөрөнгийн нөхөн үнэлгээний үлдэгдэл төлбөр дөрөв орчим тэрбум төгрөгийг 2024 оны улсын нэгдсэн төсөв батлах үед чуулган хаах төсөвт танилцуулах шийдвэр гарсан.
  3. Нэг удаагийн нөхөн төлбөр, иргэдэд олгох нөхөн төлбөр арга хэмжээ байгаа. Нийтдээ 1241 иргэн бий бөгөөд тухайн хүмүүст нөхөн олговор 13.3 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй. Үлдэгдлийг 2024 онд багтааж төлж дуусгахаар шийдвэрлэжээ.
  4. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын усан сангийн нөлөөлөлд автахаар соёлын өвүүдийг авран хамгаалах ажилд зургаан тэрбум орчим төгрөгийн төсвийг 2024 оны улсын төсөвт суулгахаар болсон.

Ингэснээр 2023-2024 онд багтаагаад Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бэлтгэл ажил гэх болох иргэдийг нүүлгэн шилжүүлэх, соёлын өвийг авран хамгаалах ажиллагаа бүрэн дуусна" хэмээлээ.