МАН-д “Ажнай” Д.Бат-Эрдэнээс олон мангас бий

МАН-д “Ажнай” Д.Бат-Эрдэнээс олон мангас бий

Нүүрсийн хулгайч нарт хариуцлага тооцох улс төрийн жагсаал төв талбайд эхэлснээс хойш дөрвөн сар өнгөрлөө. Нүүрсний гэх хэрэгт холбогдсон хүмүүсээс Эрдэнэс Таван толгой компанийн захирал Б.Ганхуягаас эхлээд түүнийг тойрсон хүмүүс хоригдож байна.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн. Бусад нь харин хууль хүчний байгууллагадаа тулж, бүрэн эрхээ түдгэлзүүлэх хэмжээнд асуудлыг хурцатгав. Уг нь МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүрэн эрхээсээ татгалзаад шалгуул гэдэг чиглэл өгсөн ч сайн дураараа тэгээд явчих хүн олдсонгүй.

Тиймээс Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх албан бичгийг УИХ-ын даргад хүргүүлсэн. Хуульд заасан хоног хугацаатай тул УИХ яаралтай авч хэлэлцэх шаардлагатай байгаа юм. АТГ-аас анх экс Төрийн тэргүүн Х.Баттулгаас эхлээд 17 хүний нэрийг зарласан. Гэсэн ч өнөөдөр муу л бол хойд талын хар овоохой гэдэг Ардчилсан намын ганц гишүүн “Ажнай” Д.Бат-Эрдэнэ рүү бүгд ноцоод эхлэв.

Монголд нүүрсэнд хутгалдсан хүмүүсээс ганц тэр л хулгайч болж МАН-ынхан харин хулгайг цэвэрлэдэг баатрууд болж эхэллээ. Үнэндээ түүний хувьд Орон нутгийн Таван толгой ХК-ийн хувьцаа эзэмшигч. Тэр утгаараа нүүрстэй яалт ч үгүй холбогдоно. Ил цагаан нүүрсний л хүн. Гэхдээ нүүрсний компанид хувьцаа эзэмшдэггүй зүгээр л хулгай хийдэг МАН-ынхан яагаад чимээгүй байна аа. Тэд хулгайн мөнгөөрөө гадаад, дотоодод хаус барьж, орон сууцны хороолол босгож, адуу мал хэдэн тэрбумаар нь худалдан авч, хашаа байшингийнхаа сууринд хүртэл нуугаад амжсан гэдэг.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хэлснээр мөнгөө багтааж ядахдаа алтан гулдмай болгож хадгалж байгаа хэмээн намынхаа нөхдийг чуулганы хуралдаан дээр ниргэж байсан биз дээ. Ийм л хүмүүс өнөөдөр шударга үнэний гэрч болж хулгайтай тэмцэнэ гэж хударгагүй аашилж байна.

Өнөөдөр УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо бүрэн эрхийн хүрээнд нүүрсний хулгайн гэх хэрэгт холбогдсон гурван гишүүнтэй холбоотой хэргийн материалтай танилцана. Тус хороонд УИХ-д хамгийн олон сонгогдсон Сү.Батболд, Н.Энхболд, С.Бямбацогт, Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил нарын гишүүд багтдаг. Тэд холбогдсон хэргийн материалтай танилцаж, шийдвэрээ гаргасны дараа Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар асуудлыг хэлэлцэх учиртай. Халдашгүй байдлын дэд хороо халиуны зулзага шиг тарчилах нь аргагүй. Тэдний гаргасан шийдвэрийн хүрээнд дараагийн байнгын хороод хуралдана. Гал бага авья гэвэл “Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа” гээд хаячихаж болно.

Тэртээ тэргүй байнгын хороо, чуулганаар тэдний асуудалд цэг тавих учиртай. Ямартай ч УИХ дахь МАН-ын бүлэг гурван гишүүнийг түдгэлзүүлэх асуудлаар өнөөдөр 12 цагт хуралдахаар болсон.

Н.Наранбаатар, Т.Аюурсайхан нар парламентад 61 суудалтай МАН-аас сонгогдсон гишүүд. “Ажнай” буюу Д.Бат-Эрдэнэ парламентад 11 суудалтай Ардчилсан намаас сонгогдсон. Тооны харьцаанаас харахад хүч тэнцвэргүй байгаа юм. Учир юу гэхээр парламентад хамгийн олон суудалтай МАН-ынхан Н.Наранбаатар, Т.Аюурсайхан нарыгаа авч үлдээд Д.Бат-Эрдэнийг явуулбал яасан юм гэдэг яриа гарсан талаар бор шувуу нисэх болов. Гурван гишүүнийг тэр чигт нь явуулбал парламентын дархлаа суларна. Гурвууланг нь аваад үлдвэл нийгмийн эсэргүүцэлтэй тулгарна. Тиймээс өөрийн намын хоёрыгоо авч, нийгмийн уур амьсгал угаас нүүрсний магнат Д.Бат-Эрдэнэ дээр чиглэсэн байгаа үед түүнийг явуулсан байхад гал бага ирнэ гэж тооцож байгаа аж. Гурвууланг нь авч үлдээгүй хамгийн том “мангас” Д.Бат-Эрдэнийг нь явуулчихлаа шүү гэдэг мессэжийг нийгэмд цацаж байна. Ганц “Ажнай”-г онилсон дайрсан дайралтууд маш их харагдана. Үнэндээ сүүлийн 7 жил эрх барьсан МАН-ын хулгайч нарын асуудлыг ярих ёстой юм. Гудамжинд байгаа АН-ынхантай өнөөдрийн хулгайг ярина гэдэг үнэндээ гутамшиг юм шүү дээ, МАН-ынхаан.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг “Цөөнхий сөрөг хүчний бүлгийн гишүүнийхээ бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй” гэдгээ мэдэгдчихсэн. Тэд ингэж мэдэгдэн нийгэмд муу хэлүүлж байгаа ч тэдний 11 кноп “Ажнай”-г авч үлдэхэд үнэндээ хангалтгүй.

Улс төр бол улс төр л байдаг. Тэр утгаараа эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй гэж шийдэн Д.Бат-Эрдэнийг ганцааранг нь явуулбал энэ парламент жинхэнэ утгаараа онигоо болохоор байна. Гурвууланг нь хамт явуулах уу, гурвууланг нь авч үлдэх үү гэдэг ганц сонголт тэдний шүдний өвчин боллоо. Ардчилсан намаас орж ирсэн ганц гишүүнээ хөөчихөөд ард нь эрх баригчид ард нь хоёр гишүүнээ авч үлдэнэ гэвэл нийгэм адилхан эсэргүүцнэ. Коммунист арга барилаар Ардчилсан намын Д.Бат-Эрдэнийг алагчилж явуулбал энэ парламент өөрөө хамгийн муухай харагдахаа тэд ч гадарлаж байгаа. Тиймээс ганц хүнээр туг тахиж болохгүй гэдгээ ч мэдэж байх учиртай. Туг тахьвал Ардчилсан намын 200 мянган гишүүн дээр ард түмэн нэмэгдээд хаврын улс төр халуухан өрнө дөө. Ардчилсан намд “Ажнай” Д.Бат-Эрдэнэ гэдэг ганц мангасын тухай ярьж байгаа бол МАН-д маш олон мангас бий гэдгийг эрх биш энэ нийгэм ойлгодог болчихоод байна.