Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн уурхай жилд 500 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, нэг хүнд ногдох ТНББ 10 мянган ам.долларт хүргэнэ гэдэгт итгэж байна

Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн уурхай жилд 500 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, нэг хүнд ногдох ТНББ 10 мянган ам.долларт хүргэнэ гэдэгт итгэж байна

“Оюутолгой” гүний уурхайн олборлолт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна. Нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон “Рио Тинто” компанийн удирдлагууд оролцож байна.

ҮЗЭХ: 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Оюутолгой төслийн бүтээн байгуулалтад гар бие оролцож, өмнийн говийн оргүй хоосон талбаас өнөөдрийн бүтээн байгуулалтыг бүтээлцсэн инженер техникийн ажилчдадаа гүний уурхайн олборлолт эхэлж байгаа түүхэн өдрийн баярын мэнд хүргэе.

Нэг жилийн өмнө 2022 оны 01.25-нд Оюутолгой хэлэлцээрийн хүрээнд Монголын талын 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэгдэж, ирээдүйд үүсэх 22 тэрбум ам.долларын өр хаагдсан. Ингээд олон жил талцсан гүнийн уурхайн бүтээн байгуулалтын гацаанаас гарч, эхний тэсэлгээг хийж байсныг та бүхэн санаж байгаа. Өнөөдөр хөрөнгө оруулагч тал гүний уурхайн бүтээн байгуулалтыг "2023 оны эхний улиралд багтаан гүний уурхайг ашиглалтад оруулна" гэсэн амлалтдаа хүрч чадлаа. Энэ нь хамтын итгэлцэлд хоёр талын цаашдын суурь зарчим болж чадна гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Оюутолгой төслийн гүний уурхайн 1265 метрийн гүнд орших 18 дугаар цооногоос Монгол улс дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх зэсийн өндөр технологийн уурхайтай болж байгааг ийнхүү зарлаж байна. Энэхүү гүний уурхайн зэсийн баяжмал нь өдрөөс өдөрт эрчимж буй цахилгаан авто машины үйлдвэрлэл, дэвшилтэд технологийн эрин үе, ногоон хөгжлийн чиг хандлага, эх дэлхийнхээ амьдралын цаг хугацааг уртасгахад оруулж байгаа Монгол Улсын бодит хувь нэмэр юм. Оюутолгой төсөл бол Ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш хийгдэж байгаа гадаадын хамгийн том хөрөнгө оруулалт төдийгүй Монгол Улс гуравдахь хөрш оронтой анх удаа бие даан хэрэгжүүлж буй анхны түүхэн том төсөл юм. “Оюутолгой” компани нь 2022 онд 1.4 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн нь цар тахлаас үүдэлтэй эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэсэн. Оюутолгой төслийн өнөөдрийг хүртэлх зам дардан байгаагүй нь үнэн. Энэхүү төслийн олон жилийн ээдрээт хэлэлцээр, баялагтаа эзэн байх гэсэн иргэдийн хүсэл эрмэлзэл, нийт монголчуудыг хүслийг хангаж Засгийн газрын 92, 104 дүгээр тогтоолыг хамгаалж дэмжлэг үзүүлсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар болон бусад хүмүүст баярлалаа.  

Оюутолгой төсөл бол та бидний 10 гаруй жилийн хамтын бүтээл байсныг онцгойлон тэмдэглэмээр байна. Оюутолгойн гүний уурхайн төсөл жилд 500 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, нэг хүнд ногдох ТНБ 10 мянган ам.долларт хүргэх монголчууд бидний олон жилийн мөрөөдлийг бодитой ажил болгож, цаг хугацааг наашлуулж чадна гэдэгт итгэлтэй байна. Оюутолгойн хэлэлцээрт Монголын эрх ашиг зарчмыг хүндэтгэн ойлгож, хүлээн зөвшөөрч, урт хугацааны түншлэлийг эрхэмлэсэн Рио Тинто компанийн захиралд чин сэтгэлээсээ талархаж байна. Оюутолгойн хэлэлцээр нь Монгол улс хөрөнгө оруулагчдаа ээлтэй, харилцан ашигтай ажиллаж чаддагийг харуулж чадлаа" гэлээ.