С.Чимидцэрэн: Ковидын дараа цус өтгөрснөөс болж харвах тохиолдол их байна. Тиймээс шинжилгээ заавал өгөх хэрэгтэй

С.Чимидцэрэн: Ковидын дараа цус өтгөрснөөс болж харвах тохиолдол их байна. Тиймээс шинжилгээ заавал өгөх хэрэгтэй

Коронавирусийн халдварын үед болон дараа цус өтгөрөхөөс урьдчилан сэргийлэхийн тулд хүмүүс “аспирин” гэх эмийг янз бүрийн тунгаар хэрэглэх болсон. Гэвч тус эмийг коронавирусийн өвдсөн хүн бүхэн хэрэглэж болох уу, цаашлаад аспирин үнэхээр цус шингэлэх үйлчилгээтэй эсэх нь эргэлзээтэй байна. Тиймээс бид энэ талаар Анагаах ухааны доктор, профессор С.Чимидцэрэнтэй ярилцлаа.

-АРХАГ СУУРЬ ӨВЧТЭЙ, ЯМАР НЭГЭН СУДАСНЫ ГАРАЛТАЙ ЭМГЭГТЭЙ, АРХАГ ҮРЭВСЭЛТЭЙ ХҮМҮҮСТ ЦУС ӨТГӨРӨЛТ ҮҮСЭХ ЭРСДЭЛ ӨНДӨР-

-Коронавирусийн халдвараар өвдөөд эдгэрсэн цөөнгүй хүнд цус өтгөрөх шинж тэмдэг илэрч байна гэж яриад байгаа шүү дээ. Ер нь яагаад халдвар авсны дараа цус өтгөрдөг юм бэ?

-Ковидоор өвдөөд эдгэрсэн гэдэг нь харьцангуй ойлголт. Яг эдгэрнэ гэвэл хүн эрүүл, саруул болох ёстой шүү дээ. Гэтэл ямар нэгэн хүндрэл гарч л байвал тухайн өвчний үлдэц, урхаг үлдсэн гэсэн үг. Коронавирусийн халдвар нь падфизиологийн буюу эдийг эмгэгшүүлэх шинж чанарын хувьд цус бүлэгнэлтийн тогтолцоонд нөлөөлдөг. Ер нь өвчний үе шат, хүнд, хөнгөний зэргээс хамаарч хүний бие махбод физиологийн маш олон урвал өөрчлөлтөд орж байдаг. Коронавирус хүний биеийн маш олон бодисын солилцоог зохицуулдаг рецептортой очиж холбогддог. Тэр рецептортой холбогдон эс рүү нэвтэрч үржиж, хуваагдах явцдаа шууд эсийг эмгэгшүүлэх шинж чанар үзүүлээд байгаа юм. Эдгээрийн урхаг нь цус бүлэгнэлтийн алдагдлуудыг үүсгэдэг гэж ойлгож болно. Тиймээс цусны бүлэгнэлтийг зохицуулах эмчилгээг ковидын эхэн үеэс алсын уршгийг засахад хүртэл хэрэглэж байна.

-Яг ямар хүмүүст цус өтгөрөх шинж тэмдэг илрээд байгаа юм бэ. Өндөр настай хүмүүс байна уу, аль эсвэл архаг хууч өвчтэй хүмүүс байна уу?

-Яг эв эрүүл, сав саруул хүн халдвар аваад эдгэрэх хугацаа харьцангуй богино. Шинж тэмдэггүй хэлбэрээр ч илэрч болно. Харин архаг суурь өвчтэй, артерийн даралт нь ихэсдэг, ямар нэгэн судасны гаралтай эмгэгтэй, архаг үрэвсэлтэй хүмүүст цус өтгөрөлт үүсэх эрсдэл өндөр байна. Ерөөсөө л ямар нэгэн суурь архаг үрэвсэлтэй хүмүүст илүү хүндрэл үлдэх магадлалтай. Гэхдээ эрүүл саруул хүнд ч вирусийн халдварын нөлөөгөөр ийм эмгэг урвал үлдэж болно.

-Эмч нар коронавирусийн халдварын үед цус шингэлэх үйлчилгээтэй гэж аспирин гэдэг эмийг уухыг зөвлөж байгаа. Мөн зарим хүн халдварын дараа ч үргэлжлүүлэн аспирин ууж байгаа шүү дээ. Аспирин гэдэг эм өөрөө цус шингэлэх үйлчилгээ яг үзүүлдэг юм уу?

-Хүний цус бүлэгнэлтийн тогтолцоо маш том. Аспирин гэдэг эм тромбоцит гэдэг цус бүлэгнэлтэд оролцдог эсүүдийн наалдацаас сэргийлдэг. Үүнээс гадна бүлэгнэлтийн ийлдэсийн хүчин зүйлд нөлөөлдөг эмүүд ч байдаг. Аспирин болон түүний бүлгийн эмүүд нь зөвхөн бүлэгнэлтийн тогтолцоонд нөлөөлөхөөс гадна үрэвслийн эсрэг үйлдэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл, тэнд байгаа дархлааны эсүүдийн цаашаа хөгжих боломжийг нь хязгаарлаж өгдөг.

Тэгэхээр давхар үрэвслийн эсрэг үйлчилгээтэй учраас эмчилгээнд эхнээс нь мөн алсдаа хэрэглэхийг зөвлөөд байгаа юм. Алсдаа хэрэглэж байгаа гол ач холбогдол нь бүлэгнэлтийн хүндрэлээс сэргийлэх зорилготой. Коронавирус гарахаас өмнө ч хэвийн амьдралын хэв маягтай хүмүүст, ялангуяа 40-өөс дээш насныханд цусны урсамтгай чанарын өөрчлөлт үүсэх эрсдэл харьцангуй өндөр байж болох учраас аспирин хэрэглэхийг зөвлөдөг. Ялангуяа таргалалттай, суурь өвчтэй хүмүүст тогтмол хэрэглэх зөвлөмжийг манай эмнэл зүйн эмч нар өгдөг.

-СУДАСНЫ ХАНА ХАТУУРЧ, ЦУС НЬ ӨТГӨРСНӨӨС БОЛЖ ХАРВАХ ТОХИОЛДОЛ ЗАЛУУ НАСНЫХНЫ ДУНД ИХ БАЙНА-

-Тэгвэл эсрэгээрээ аспирин ууж болохгүй хүмүүс гэж байгаа юу. Тухайлбал, цус багатай хүмүүс тус эмийг хэрэглэж болох уу?

-Аспирины гаж нөлөө гэж бий. Тухайлбал, үрэвслийн эсрэг үйлдэлтэй, янз бүрийн харшлын эмгэгтэй, цус багатай, цус бүлэгнэлтийн алдагдалтай, ходоодны шархлаатай хүмүүст эсрэг заалт болдог. Аспирины бүлгийн эмийг өндөр тунгаар удаан хугацаанд хэрэглэвэл ходоодны шарх, цус бүлэгнэлт саатсантай холбоотой цус алдалт үүсэх эрсдэлтэй. Тиймээс эмчийн заавраар, тодруулбал эмч яг хэзээ ууж, хэзээ зогсоо, хэзээ үргэлжлүүл гэсний дагуу хэрэглэх ёстой.

Эмч танд уг эмийг бичиж өгөхдөө цусны шинжилгээг харж, цусны бүлэгнэлт байвал ямар тунгаар хэдий хугацаанд уух жорыг бичиж өгнө шүү дээ. Хэрэв тухайн хүний бүлэгнэлт суларч, цус гоожимтгой шинж чанар илэрвэл, эсвэл ходоодны шархлаа үүссэн байвал зогсоогоод өөр төрлийн эмээр орлуулна. Үүнийг мэдэхийн тулд цусны ерөнхий болон цусны бүлэгнэлтийн шинжилгээ хийлгэж байх хэрэгтэй. Эмчид үзүүлэхгүйгээр “харанхуй”-аар эмчилгээ хийх, зогсоох, удаан хугацаанд хэрэглэх нь зохисгүй.

-Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусийн халдвар авсан 540 гаруй хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тэгвэл хүүхдүүд цус шингэлэх эмчилгээ хийлгэх шаардлагатай юу?

-Хүүхдүүдийн хувьд цус бүлэгнэх эрсдэл харьцангуй бага байдаг. Гэхдээ бүрэн тодорхой болчихсон судалгааны үр дүн цөөн байна.

-Хүмүүс цусаа шингэлэхийн тулд янз бүрийн витамин дусал, тариагаар хийлгэдэг шүү дээ. Энэ нь  хэр зөв зүйл юм бэ. Дусал, тариа хэлбэрээр цус шингэлж болох уу?

-Ковидын халдварын үед бие махбод, дархлааг дайчилдаг учраас маш их ядарч, сульддаг. Тиймээс витамины хэрэглээгээ нэмэгдүүлж болно. Гэхдээ заавал эм, тариагаар нөхөх шаардлагагүй. 100 хувь хоол хүнсээр нөхөх боломжтой. Амь насны заалтаар, судсаар эргэлдэж буй цусны хэмжээ багассан тохиолдолд өндөр заалтаар хэрэглэдэг зүйлийг манайхан гэрийн нөхцөлд хийж байгаа нь тийм ч сайн зүйл биш. Хүн ууж идэж чадаж л байвал бүх шим тэжээлээ хоол хүнснээс авах нь зөв.

 -Хэрэв халдвар авч эдгэрсний дараа ямар нэгэн нөхөн сэргээх эмчилгээ хийхгүй, цус өтгөрснөө мэдэхгүй удаан хугацаанд явбал ямар сөрөг нөлөө илэрч болох вэ?

-Маш олон сөрөг нөлөө байна. Ажлын ачааллаас болж манай ихэнх залуучууд, идэр насныхны цус нь өтгөрснөөр зогсохгүй судасны хананы уян хатан чанар нь алдагдчихсан байдаг. Судасны хана нь хатуурч, голоор нь гүйж байгаа цус өтгөрснөөс болж залуу насныхан цус харвах тохиолдол их байна. Тархины, зүрхний цус харвалтууд нь ердөө л судасны хатуурал, цусны бүлэнгээс болж үүсдэг. Ковидын дараа ихэнх хүн “ядраад байна” гэдэг. Энэ нь тухайн эрхтнүүдэд очиж байгаа цусан хангамж алдагдаж, гүйцэд тэжээлээ авч чадахгүйгээс болж байгаа юм. Тэгэхээр ковидын дараа сэргээн засах эмчилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд орж байх хэрэгтэй. Залуу хүмүүс ядаж жилдээ нэг удаа шинжилгээнд орж байх хэрэгтэй.

-Тэгвэл цусны бүлэгнэлт үүсэх, цус өтгөрөхөөс яаж сэргийлэх ёстой юм бэ?

-Мэдээж халдвар авахгүй байх. Гараа тогтмол угааж, амны хаалтаа зүүх гэх мэт өөрсдөөс шалтгаалах халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах ёстой. Харин ковидын халдвар авчихсан бол өөрсдийн амьдралын хэв маягийг өөрчлөх, сайжруулах, тогтмол цагт унтаж амрах, цэвэр агаарт гарах, өөрт тохирсон дасгал хөдөлгөөн хийх гэх мэт энгийн зүйлсээр биеэ сэргээж байх хэрэгтэй. Үүнээс гадна эрүүл мэндийн тогтмол хяналт. Урьдчилан сэргийлэх шинжилгээнүүд заавал хийлгэх хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.