НҮБ-аас "Улаанбаатарыг утаагүй болгоё" гэсэн ч манай станцуудын чадал хүрэхгүй тул төслийн үр дүнд сөргөөр нөлөөлжээ

НҮБ-аас "Улаанбаатарыг утаагүй болгоё" гэсэн ч манай станцуудын чадал хүрэхгүй тул төслийн үр дүнд сөргөөр нөлөөлжээ

УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо, НҮБ-ын Хүүхдийн сан болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран,  Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “КОВИД-19 цар тахлын үед агаарын бохирдол: ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ЭРХ” дээд хэмжээний зөвлөлдөх уулзалтыг энэ сарын 14-ны өдөр /2021.12.14/ Төрийн ордонд зохион байгуулсан.

Энэ үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланы хэвлэлд өгсөн байр, суурь ихээхэн анхаарал татаж байна.

Тодруулбал тэрбээр, “Байгаль орчны сайдын танилцуулгыг сонссон. Монгол улсын агаарын бохирдлыг бууруулах чиглэлд бодлого хөтөлбөрүүдээ боловсруулсан байна. Гэхдээ анхаарах асуудлууд бий. НҮБ-ын Хүүхдийн сангийн зүгээс гэр хорооллын айлуудын гэрийг цахилгаанаар халаах төслийг хэрэгжүүлж байсан. Гэтэл эрчим хүчний найдвартай хангамж сул байгаагаас үүдэн үр дүнд сөргөөр нөлөөлж байна. Иймээс эрчим хүчний суурь хангамжийг сайжруулахад анхаарах шаардлагатай байна” гэсэн юм.

Түүний ярианаас дүгнэвэл гэр хорооллын айл, өрхүүдийг цахилгаанаар халаах төслийг НҮБ-ээс хэрэгжүүлж эхэлсэн ч манай улсын цахилгаан эрчим хүчний хангамж хүрэхгүйгээс болж бүтэлгүйтэж байгаа гэх агуулга ойлгогдож байна.

Утаагүй болгох найдвартай арга нь орон сууцжууулах, дэд бүтцэд холбох буюу айл өрхүүдийг цахилгаан эсвэл газаар халаах гэж судлаачид дүгнэдэг. Түүнээс мянган сайхан түлш, зуух үйлдвэрлээд утаагүй болохгүй гэдэг нь өнгөрсөн хугацааны туршилтууд нотолсон. Тэгэхээр гаднын байгууллагуудтай хамтран цахилгаан эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх, дэд бүтцээ сайжруулахад анхаарах, ажил хийх шаардлага байгаа юм. Нөгөөтэйгүүр гадаадын томоохон байгууллагуудаас энэ чиглэлд дэмжлэг үзүүлэх гэхэд нь дээрх асуудлаас болж төслийг зогсоох нь харамсалтай юм.