ДЭМБ: Омикрон хувилбар урьд өмнө нь хэзээ ч байгаагүйгээр хурдацтай тархаж байна

ДЭМБ: Омикрон хувилбар урьд өмнө нь хэзээ ч байгаагүйгээр хурдацтай тархаж байна

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага Омикрон хувилбар дэлхийн ихэнх улс оронд аль хэдийн тархсан байж болзошгүй хэмээн анхаарууллаа. Одоогоор Омикрон 77 улсад бүртгэгдээд байгаа аж.

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус өчигдөр/2021.12.14/ мэдээлэл хийхдээ шинэ хувилбар урьд өмнө нь хэзээ ч байгаагүй хурдацтай тархаж байгааг анхааруулан, Омикрон хувилбарын аюулыг дутуу үнэлж болохгүйг онцолжээ. Энэ талаар тэрбээр “Хэдийгээр шинэ хувилбар өвчнийг хүндрүүлэхгүй ч гэлээ халдварын тоо асар ихээр нэмэгдүүлснээр бэлтгэгдээгүй байсан эрүүл мэндийн салбарын ачааллыг хүндрүүлэх эрсдэлтэй” гэжээ.

Омикрон хувилбарыг анх арваннэгдүгээр сард Өмнөд Африкт илрүүлснээс хойш сар хүрэхгүй хугацаанд дэлхий нийтээр тархах хандлагатай болоод буй. Шинэ хувилбар илэрсэн даруйд улс орнууд Өмнөд Африк болон хөрш орнуудад аялал жуулчлалын хориг тавьсан боловч вирус тархсан хэвээр байна.

Эх сурвалж: BBC