Израил Улс "Дельта" хувилбарын улмаас амны хаалт зүүх шаардлагаа эргэн сэргээхээр болжээ

Израил Улс "Дельта" хувилбарын улмаас амны хаалт зүүх шаардлагаа эргэн сэргээхээр болжээ

Хүн амын дархлаажуулалтаа амжилттай зохион байгуулж, халдварын тархалт эрс буурч байсан Израил улс амны хаалт заавал зүүх журмаа дахин сэргээх гэж байна. Учир нь тус улсад сүүлийн долоо хоногт коронавирусийн Дельта хувилбараар өвчилсөн тохиолдол бүртгэгдэж эхэлжээ.

Энэ талаар тус улсын Цар тахлын эсрэг хариу арга хэмжээний зохицуулагч Начман Эш 103FM радио сувагт өгсөн ярилцлагадаа “Сүүлийн 24 цагт манай улсад коронавирусийн 110 тохиолдол бүртгэгдлээ. Одоо эмнэлэгт 550 гаруй идэвхтэй өвчтөн байна. Тиймээс дотоод орчинд амны хаалт зүүх журмыг бид эргэн сэргээхээс өөр аргагүй болж байна. Маргааш эсвэл нөгөөдөр энэ журам хэрэгжиж эхэлнэ” гэжээ. 

Түүнчлэн эрх баригчид “иргэд хорио цээрийн дүрэм журмыг дагаж мөрдөөгүйгээс Израилд Дельта хувилбар нэвтэрсэн” гэж үзэж байна. Улмаар аюултай бүсэд тооцогдож буй зургаан улс руу аялсан иргэдэд 5000 NIS/1538 ам.доллар/ торгууль ногдуулах журмыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Израилийн ЭМЯ-аас гаргасан “хар” жагсаалтад одоогоор Орос, Энэтхэг, Мексик, Бразил, Аргентин, Өмнөд Африк багтаж байна. 

Эх сурвалж: Times of Israel