УИХ-ын дарга Г.Занданшатар Сүхбаатарын талбайд очиж уулзалт хийснээр АН-ын гишүүдийн өлсгөлөн зогслоо

УИХ-ын дарга Г.Занданшатар Сүхбаатарын талбайд очиж уулзалт хийснээр АН-ын гишүүдийн өлсгөлөн зогслоо

Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгээгүй тул УИХ дахь АН-ын бүлгийн Ц.Туваан, О.Цогтгэрэл, Н.Ганибал, Ж.Батсуурь, А.Адъяасүрэн, Д.Ганбат нар мөн С.Ганбаатар, Н.Алтанхуяг нарын нийт найман гишүүн энэ сарын 05-ны өдрөөс эхлэн улс төрийн суулт, өлсгөлөн зарлаж эхэлсэн. Тэд Сүхбаатарын талбайд суулт, өлсгөлөн зарлаад долоон өдөр болсон. 

Энэ хугацаанд Д.Ганбат, А.Адъяасүрэн нар эрүүл мэндийн шалтгаанаар Сүхбаатарын талбайг орхиод байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр захирамж гаргаж МАН, АН-ын бүлгийн гишүүдийн хамтарсан ажлын хэсэг байгуулсан. Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар яг одоо өлсгөлөн зарлаж буй гишүүдийг эргэж ажлын хэсэг байгуулсан захирамжийнхаа талаар мэдээлэл өглөө. Тэрбээр өлсгөлөн зарлаж буй гишүүдтэй үргэлжлүүлэн албан өрөөндөө ярилцах хүсэлтэй байгаагаа энэ үеэр илэрхийлсэн юм. 

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил ахалж байгаа бөгөөд улс төрийн зөвшилцөлд хүрэх зорилготой байгаа юм. Тодруулбал, тус ажлын хэсэг УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн гишүүд өлсгөлөн зарласнаас үүдсэн улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан зарим хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, санал дүгнэлт боловсруулах үүрэгтэй ажиллах юм.

Ажлын хэсгийн анхны хуралдаан өнөөдөр (2021.05.11) болж, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл, хамрах хүрээ, анхаарах асуудлын талаар саналаа солилцож, ажлын төлөвлөгөө гаргах, холбогдох байгууллагаас мэргэжлийн хүмүүсийг оролцуулж, мэргэжил, арга зүйн туслалцаа авах нь зүйтэй гэж үзсэн билээ. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Н.Ганибал нар ажиллах бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан нар бүрэлдэхүүнд нь орсон.

УИХ-аас ажлын хэсэг гарсан учир Сүхбаатарын талбайд сууж буй гишүүд өлсгөлөнгөө яг одооноос зогсоох шийдэлд хүрсэн гэж УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат мэдэгдэв. 

ҮЗЭХ: