35 ширхэг амьд шувууг хувцсандаа нуун хил давуулах гэж байсан иргэнийг баривчилжээ

35 ширхэг амьд шувууг хувцсандаа нуун хил давуулах гэж байсан иргэнийг баривчилжээ

АНУ-ын Нью-Йорк хотын Прокурорын газар Гайана улсаас 35 амьд шувууг хувцсандаа нуун, хууль бусаар хил давуулж оруулж ирсэн иргэнийг баривчилж, яллагдагчаар татжээ. 

Сэжигтэн Гайанийн иргэн 36 настай Кевин Андре гэгчийг Нью-Йорк дахь Жон Кеннедийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудалд Гаалийн ажилтнууд шалгахад “финч” гэх 35 ширхэг шувууг жижиг торонд хийж, хувцсандаа нуусан байжээ. 

Мөрдөн байцаалтын явцад сэжигтэн уг шувуудыг “дууны уралдаанд” оролцуулахаар авч явж байсан нь тогтоогдсон байна. Нью-Йоркийн Бруклин, Куинс орчимд ихэвчлэн энэ төрлийн бооцоот тэмцээнийг хүмүүс зохиодог. Олон нийтийн газар ихэвчлэн зохиогддог уг тэмцээнд төрөл бүрийн шувуудыг оролцуулж, хамгийн сайхан дуугарсан шувууг шалгаруулж, эзэн нь их хэмжээний мөнгө хождог юм байна. 

Хэдийгээр Финчын зарим төрөл Америкт байдаг боловч Гайанагийн төрөл зүйл илүү сайн “дуулдаг” гэж үздэг. Тиймээс илүү үнэтэй байдаг аж. 

Сэжигтэнд өөр нэгэн этгээд 3 мянган ам.доллар амлаж, шувууг оруулж ирэхийг завдсан бөгөөд түүнд нисэхээс өмнө 500 ам.доллар өгч хилээр оруулж ирснийх нь дараа 2500 ам.доллар өгөхөө амласан байна. 

Эх сурвалж: CNN