Дархан-Уул аймагт "Нарны хүүхдүүд” асрамжийн төвийн багшаас халдвар илэрчээ

Дархан-Уул аймагт "Нарны хүүхдүүд” асрамжийн төвийн багшаас халдвар илэрчээ

Дархан-Уул аймагт өчигдөр /2021.04.27/ 40 хүнээс халдвар илэрснээр тус аймгийн хэмжээнд Covid-19-ийн нийт батлагдсан  тохиолдол 541 болжээ.

Covid-19-ийн шинж тэмдэг илэрч өөрсдөө эмнэлгийн байгууллагад хандсан гурван иргэнээс халдвар бүртгэгджээ. Үүний нэг нь тус аймаг дахь “Нарны хүүхдүүд” асрамжийн төвийн багш аж. Иймээс тус төвийн багш, ажилтан, хүүхдүүдийг тусгаарлаж, шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж эхэлжээ. Хүүхдийн асрамжийн төвөөс халдвар илэрсэн тул бусад СОС хотхон, нийтийн байранд оршин суух иргэдээс тандалтын шинжилгээг авна гэдгээ аймгийн Онцгой комисс мэдээлсэн юм.

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал “Эмчлэн тусгаарлах байранд 250 иргэн байгаа аж. Харин ажиглан тусгаарлах байранд ойрын хавьтлын 163 хүн байна. Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн дөрөв нь жирэмсэн эх байна. Сүүлийн гурав хоногийн хугацаанд 1960 хүнийг Covid-19 эсрэг вакцины нэг болон хоёрдугаар тунд нь хамруулсан. Эх уурхай нь тодорхойгүй байсан голомтуудыг тогтоон ажиллаж байна. Халдвар авсан болон ойрын хавьтлын иргэд асуумжаа бүрэн гаргаж өгөхгүй байгаа нь эрүүл мэндийн байгууллагын ажилчдад хүндрэл үүсгэж байна” гэв.