Т.Ариунболд: Тусгаарлалтад орсон иргэдийг хэсэгхэн зуур ч болтугай хөдөлгөөнтэй байлгаж, дархлааг нь дэмжихийг хүссэн юм

Т.Ариунболд: Тусгаарлалтад орсон иргэдийг хэсэгхэн зуур ч болтугай хөдөлгөөнтэй байлгаж, дархлааг нь дэмжихийг хүссэн юм

Өчигдөр/2021.04.26/ тусгаарлалтад орсон иргэдийг уриалж, цонхны цаанаас дасгал заан, хамт хийж буй цагдаагийн албан хаагчийн зураг цахим сүлжээнд нийтлэгдсэнийг уншигч та харсан болов уу. Тус үйл явдлын гол “баатар” бол Дархан-Уул аймгийн Хонгор сумын цагдаагийн албан хаагч, ахлах ахлагч Т.Ариунболд. Тэрбээр тусгаарлалтад орсон иргэдийн дархлааг дэмжиж, бага ч гэсэн хөдөлгөөнтэй байлгахын тулд энэхүү санааг сэдсэн нь олон хүний талархлыг хүлээсэн юм. Тэгвэл бид ахлах, ахлагч Т.Ариунболдтой холбогдож, болсон үйл явдал хийгээд, уг санаа хэрсэн төрсөн талаар хэсэгхэн хором “амттай” яриа өрнүүллээ.

СОНСОХ:

-15 МИНУТ Ч БОЛТУГАЙ ӨӨР ЗҮЙЛД АНХААРЛЫГ НЬ ХАНДУУЛЖ, ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨН ХИЙЛГЭХИЙГ ХҮССЭН-

-Тусгаарлалтад орсон иргэдийг уриалж, цонхны цаанаас дасгал хийж буй зураг тань цахим сүлжээнд түгж, хүмүүс их эерэг сэтгэгдэл хэлж байлаа. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Намайг Төмөр-Очирын Ариунболд гэдэг. Би Дархан-Уул аймгийн Хонгор сумын цагдаагийн албан хаагч. Цагдаагийн байгууллагад 16 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна.

-Тусгаарлалтад хэзээнээс ажиллаж эхэлсэн бэ?

-Тусгаарлалтад хоёр дахь удаагаа гарч байна. Хонгор суманд анх коронавирус бүртгэгдэж, ойрын хавьтал болсон иргэдийн тусгаарлах байранд ажиглаж эхэлсэн цагаас ажиллаж байна.

-Тусгаарлалтад байгаа иргэдийг уриалж, хамт дасгал санаа яаж төрсөн бэ?

-Тусгаарлалтад орсон хүмүүс олон хоног өрөөнөөсөө гарахгүй удахаар хөдөлгөөний дутагдалд орж, стрессдэж, дархлаа нь унаж байгаа байх гэж бодсон. Тэгээд л өөрийн чадах зүйлээр туслахыг хүсэж, хэсэгхэн хугацаанд дасгал хөдөлгөөн хийлгэе, дархлааг нь дэмжье гэж шийдсэн юм. Гэхдээ иргэдтэй биечлэн уулзаж, харьцаж болохгүй шүү дээ. Тиймээс хамгийн боломжтойгоор нь фейсбүүкээр групп чат нээж, бүх хүмүүсийг оруулж, дасгал хийхийг уриалсан.

-Цонхны цаанаас хүмүүс дагаж хийхийг харах ямар санагдсан бэ. Хэчнээн хүн таньтай нэгдэв?

-Тусгаарлах байрны бүх хүн л  хамт хийж байсан. Хэсэгхэн хугацаанд ч болов дасгал хөдөлгөөн хамт хийж, дархлааг нь дэмжсэн болохоор сайхан санагдаж байлаа.

-Өдөрт ер нь хэдэн удаа тусгаарлатад орсон хүмүүстэй дасгал хийж байна?

-Өглөө 15-20 минут дасгал хийж байгаа. Хүмүүс ойрын, дам хавьтал болсон гэж сэтгэл зүйн хувьд хямардаг. Тиймээс 15 минут ч болтугай өөр зүйлд анхаарлыг нь төвлөрүүлэх зорилготой гэж хэлж болно. Цаашдаа ч тусгаарлалтын байранд үүрэг гүйцэтгэх хугацаандаа иргэдийг дасгал хөдөлгөөнд уриалж, ажиллах болно.

-ХОЁР САР ГЭР БҮЛИЙНХЭНТЭЙГЭЭ УУЛЗАЛГҮЙ, ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА-

-Групп чат нээсэн гэж байна шүү дээ. Хүмүүс дасгал хийсний дараа ямар сэтгэгдэл хэлж байв?

-Бүгд эерэгээр хүлээж авсан. 15 минут ч гэсэн цагийг зугаатай өнгөрүүлж, өөр зүйлд анхаарч, биеийн чилээ гарлаа, баярлалаа гэсэн сэтгэгдлийг их хэлж байсан.

-Ямар дасгал хийлгэж байна. Өндөр настай хүмүүс байгаа гэж сонссон?

 -16 тоот дасгал. Хүмүүстэй хамт дасгал хийхээсээ өмнө эхлээд би биеэ халааж, гүйдэг. Дараа нь 16 тоот дасгал хийдэг.

-Зураг тань олон нийтийн сүлжээнд тавигдсаныг мэдсэн үү?

-Ерөөсөө мэдээгүй байсан. Дотор дасгал хийж байсан хүмүүсийн нэг нь л нийтэлсэн юм шиг байна лээ. Нэг сайт дээр нийтлэгдсэн байсныг хараад их гайхсан. Харин хүмүүс их эерэгээр хүлээж авч байгааг харах сайхан байлаа.

-Танай суманд ковидын нөхцөл байдал хэр байна. Цагдаагийн албан хаагчид ачаалалтай ажиллаж байгаа байх?

-Тийм. Ер нь цагдаа гэлтгүй эмнэлэг, онцгойгийнхон, сонсогчид гээд галын шугаманд үүрэг гүйцэтгэж буй бүхий л албан хаагчид ачаалалтай ажиллаж байгаа болов уу. Бүгд л“сунасан” цагаар ажиллаж байна. Энгийн жишээ гэхэд л би хоёр сар гэр бүлийнхэнтэйгээ уулзаагүй үүргээ гүйцэтгэж байна.

-Ядарч байгаа байх?

-Бүх шатны албан хаагчид ядарч байгаа байх. Аргагүй шүү дээ. Бүтэн жил цар тахалтай тэмцэж байна. Гэвч бидний өргөсөн тангараг учраас үнэнчээр зүтгэхээс өөр аргагүй.  Цар тахлыг Монголчууд хамтын хүчээр даваад гарвал амрах өдөр ирэх байх гэж бодож байна

-Сүүлийн өдрүүдэд халдварын тоо нэмэгдэж, олон нийтийн сүлжээнд иргэд бухимдлаа илэрхийлсэн болсон. Харин таны тусгаарлалтад орсон иргэдтэй дасгал хийж буй жишиг нийгэмд бага ч болов эерэг "гэрэл" тусгалаа. Та цагдаагийн албан хаагчийн хувиар хүмүүст юу гэж хэлмээр байна?  

-Улсын онцгой комисс болон Нийслэлийн онцгой комисс, аймаг сумдынхаа онцгой комиссоос гаргасан заавар зөвлөмжийг мөрдөн, гэртээ байж, цар тахлын хүнд үеийг хамтдаа даваад гаръя гэж хэлмээр байна. Вакцинжуулалт эхэлсэн учраас сайхан цаг тун удахгүй ирэх биз ээ. Тэр цаг хүртэл хүн бүр хариуцлагатай, ухамсартай байж, худал болон сөрөг мэдээлэлд анхаарахгүйгээр дархлаагаа дэмжиж, эрүүл энх байхыг хүсье. Хамтын хүчээр бид энэ цар тахлыг давж чадна. 

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.