ТОДРУУЛГА: Б.Пүрэвдорж хажуудаа хүнгүй явсан бол хэрэг үүсгэхээс татгалзаж, жолоо барих эрхийг нь хасна

2021-04-19 15:28

ТОДРУУЛГА: Б.Пүрэвдорж хажуудаа хүнгүй явсан бол хэрэг үүсгэхээс татгалзаж, жолоо барих эрхийг нь хасна

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнгөрөгч шөнө Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутагт согтуугаар автомашин жолоодож яваад зам тээврийн осол гаргасан гэх мэдээлэл байна. 

Тодруулбал, тэрбээр ганцаараа автомашин жолоодож явсан гэх бөгөөд 67-.. УНЦ улсын дугаартай тоёота приус-20 маркын автомашиныг шүргээд, замын хашлага давж, явган хүний зам руу орж, хашаа мөргөн зогссон гэх мэдээлэл байгаа юм. Улмаар түүний согтолтын зэрэг 1.31 бүхэл гарсан гэх бөгөөд тэрээр осол гаргах үедээ уруулаа хазаж язарсан тул ГССҮТ-д хүргэгдсэн гэх албан бус мэдээлэл ч байгаа юм. 

Тэгвэл бид тус хэргийн талаар албаны эх сурвалжаас тодруулахад, “Зам тээврийн хэргийг шалгаж байгаа. Осол гарсан тул хэрэг бүртгэл нээгээд прокурор руу явуулдаг учир шалгалтын ажиллагаа хэсэг хугацаанд үргэлжилнэ. Гэмтлийн зэргийг заавал тогтооно. Харин хажуудаа хүнгүй, согтуу явсан бол хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргаж, автомашин жолоодох эрхийг нь хасна” гэсэн юм. 

2021-04-19 10:51

ТОДРУУЛГА: Б.Пүрэвдоржийн биеийн байдал хэвийн, бүлгийн хуралдаа оролцож байна

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, “19-ийн үйлчилгээний төв”-ийн урд автозамын зорчих хэсэгт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.18-ны өдрийн 22:55 цагт ОБЕГ хүлээн авсан. Ингээд тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 22:58 цагт очиход иргэн Д-ийн “Ниссан Тиана” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан байнаТус ослын улмаас УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг Гэмтлийн эмнэлэг /ГССҮТ/-т хүргэсэн гэх мэдээлэл байгаа юм.

Учир нь тус автомашиныг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж согтуугаар жолоодож яваад осол гаргасан гэх албан бус мэдээлэл гарч эхлээд байна

Тэгвэл яг одоо төрийн ордонд УИХ дахь АН -ын бүлэг хуралдажОюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах УИХ-ын 92-р тогтоолын хэрэгжилтийн талаар, мөн бэлгийн дарамт үзүүлсэн гэх УИХ-ын гишүүнтэй холбоотой асуудалд” байр сууриа нэгтгэж хуралдаж байгаа ажээХарин АН-ын бүлгийн тус хуралд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж оролцож байна гэж эх сурвалж бидэнд мэдээллээМөн түүний биеийн байдал хэвийн байна гэсэн юм

2021-04-19 10:37

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж согтуугаар машин барьж, зам тээврийн осол гаргажээ

Өнгөрсөн шөнө 00.40 цагийн орчимд ХУД-ийн хоёрдугаар хороонд байх АПУ ХК-ийн хойд уулзварт 63-.. УНЦ улсын дугаартай, хар өнгийн “Ниссан теана” автомашин зам тээврийн ноцтой осол гаргажээ. Тус автомашин нь “Тоёота приус-20” маркын автомашиныг шүргээд, замын хашлага давж, явган хүний зам руу орж, хашаа мөргөн зогссон байна.

Иймд машины хаалга онгойхгүй байснаас зам дээр үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн хоёр алба хаагч автомашины шилийг нь хагалж, доторх хүнийг нь гаргахад УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж байсан гэх албан бус мэдээлэл байна. Б.Пүрэвдорж гишүүн тухайн үед ганцаараа зорчиж явсан бөгөөд их хэмжээний согтолттой байсан хэмээн эх сурвалжууд мэдээлжээ.

Мөн энэ талаар Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлэлд “Нийслэлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, “19-ийн үйлчилгээний төв”-ийн урд автозамын зорчих хэсэгт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.18-ны өдрийн 22:55 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 22:58 цагт очиход иргэн Д-ийн “Ниссан Тиана” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан” гэжээ. Одоогоор Б.Пүрэвдорж гишүүнийг ГССҮТ-д хүргэжээ.