Аргентины Ерөнхийлөгч “Спутник V” вакцины хоёр дахь тунг тариулсныхаа дараа халдвар авчээ

Аргентины Ерөнхийлөгч “Спутник V” вакцины хоёр дахь тунг тариулсныхаа дараа халдвар авчээ

Аргентины Ерөнхийлөгч Альберто Фернандез ОХУ-д үйлдвэрлэсэн “Sputnik V” вакцины хоёр дахь тунг хийлгэснээс хоёр сарын дараа коронавируст халдвар авсан нь шинжилгээгээр батлагджээ. Тэрбээр өнгөрсөн баасан гарагт/2021.04.02/ халуурч, толгой нь бага зэрэг өвдөж эхэлсэн байна. Улмаар PCR шинжилгээ өгөхөд хариу нь эерэг буюу халдвартай гэж гарчээ.

Тэрбээр өнгөрсөн II сард вакцины хоёр дахь тунгаа хийлгэжээ

Өдгөө 62 настай түүний биеийн байдал хэвийн байгаа аж. Халдвар авсан гэдэг нь батлагдсаны дараа түүнтэй уулзсан хүмүүсийг тусгаарлаж эхэлсэн бөгөөд одоогоор ойрын хавьтлуудаас халдвар илрээгүй байна.

Аргентин улс “Спутник V” вакциныг 12-р сарын сүүлээр хүлээн авч байсан. Тухайн үед 25 сая хүртэлх тунг худалдаж авсан Латин Америкийн анхны улс болж байв. Ерөнхийлөгч Фернандез вакцины эхний тунг 1-р сарын 21-нд, хоёр дахь тунг 2-р сард хийлгэсэн гэж хэвлэлийн албанаас нь мэдээлсэн юм.

“Sputnik V” вакциныг бүтээсэн Оросын Гамалея хүрээлэнгээс Аргентины Ерөнхийлөгч Фернандезд хандан “Бид энэ мэдээг тун гунигтай хүлээн авлаа. “Спутник V” халдварын эсрэг 91,6 хувь, хүнд өвчлөлийн эсрэг 100 хувийн үр дүнтэй. Хэрэв вакцин хийлгэсний дараа халдвар авсан бол шинж тэмдэггүй, хурдан эдгэрэхийг бид баталгаажуулж байна. Танд хурдан эдгэрэхийг хүсье” гэжээ.

Вакцины хоёр тунг хийлгэсний дараа халдвар авах боломжтой. Вакцины хамгийн гол зорилго нь нас баралтыг бууруулж, ялангуяа хүнд хэлбэрийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх юм.

Эх сурвалж: CNN