Дархан-Уул аймагт халдвар авсан иргэдийн хүүхдүүдийг тусгай байранд байлгах боломжтой гэв

Дархан-Уул аймагт халдвар авсан иргэдийн хүүхдүүдийг тусгай байранд байлгах боломжтой гэв

Өчигдөр Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Тус аймагт өнөөдрийн байдлаар коронавирусийн нийт батлагдсан тохиолдлын тоо 100-д хүрээд байгаа юм. Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал “Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн төвийн эмчлэн тусгаарлах эхний байр дүүрсэн. Одоогоор хоёрдах эмчлэн тусгаарлах байранд өвчтөнүүдээ хүлээн авч, эмчилж эхлээд байна. Уг эмчлэн тусгаарлах байранд 80 хүнийг хүлээн авах учиртай. Гэвч өдөрт бүртгэгдэж буй тохиолдлын тоо нэмэгдэж байгаа тул  эмчлэн тусгаарлах байрны асуудлыг аймгийн Онцгой комисс дахин авч хэлэлцэнэ.

Мөн эмчлэн тусгаарлах байранд эмчлүүлж буй иргэдийн хүүхдүүд цуг байгаа нь эрсдэлтэй нөхцөл байдлыг бий болгож байна. Иймд хэрэв эмчлүүлж буй иргэн хүсвэл эмчлэн тусгаарлах хугацаанд нь бага насны хүүхдээ харуул хамгаалалт, хоол ундтай тусгай зориулалтын байранд халдвар хамгааллын дэглэмийг сахиулан байлгаж болно гэх шийдвэрийг гаргалаа. Өнөөдрийн байдлаар нийт гурван өрхийн дөрвөн хүүхдийг эцэг, эх нь эмчлүүлж байх хугацаанд тусгай байранд асран хамгаалах боломжит судалгааг гаргаж, хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ” гэж мэдээллээ.