Г.Батбаатар: С.Энхболд сайд худал яриад байна. Шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурын зөвшөөрлийг ЭМЯ өгөөгүй

Г.Батбаатар: С.Энхболд сайд худал яриад байна. Шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурын зөвшөөрлийг ЭМЯ өгөөгүй

Өнгөрсөн баасан гаригт /2021.03.26/ Улсын онцгой комисс хуралдаж дөрөвдүгээр сарын 05-ныг хүртэл хөл, хорио тогтоохгүй гэдэг шийдвэрийг гаргасан. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн эрдэмтдийн бүтээсэн, COVID-19 халдварыг шүлснээс илрүүлэх шинэ оношлуурыг ашиглах нээлтийн ажиллагаа ирэх долоо хоногт болно гэж мэдэгдсэн юм. 

Тэрбээр "Шүлснээс коронавирус илрүүлэх, монгол эрдэмтдийн бүтээсэн оношлуур бэлэн болсон. Оношлуурын туршилт эмнэл зүйн шатаа давсан бөгөөд өчигдөр /2021.03.25/ зөвшөөрөлд нь гарын үсэг зурагдсан. Тиймээс одоо үйлдвэрлэл явуулахад ямар нэг асуудал байхгүй. Анагаах ухааны үндэсний их сургууль дээр лаборатори нь бэлэн болсон. Ирэх долоо хоногоос танилцуулга болон нээлтийн үйл ажиллагаа болно” гэсэн юм. Эрүүл мэндийн сайд С.Энхболдын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан бид төслийн удирдагчаар Анагаах ухааны доктор, профессор, академич Г.Батбаатартай холбогдож зарим зүйлийг тодрууллаа. 

Харин тэрбээр ЭМЯ-аас ямар нэгэн зөвшөөрөл өгөөгүй гэж мэдэгдээд "Бүх тоног, төхөөрөмж нь бэлэн. Гагцхүү Эрүүл мэндийн яамнаас зөвшөөрлөө өгөхгүй байна. Бид хүсэлтээ өгөөд бүтэн нэг сар хүлээлээ. Хурал, ажилтай гэсэн саад, тотго яриад байгаа. Чухам ямар шалтгаанаар зөвшөөрөл өгөхгүй байгааг ойлгохгүй байна. С.Энхболд сайд худлаа яриад байна лээ. Эрүүл мэндийн яам зөвшөөрлөө өгчихвөл бид оношлуураа танилцуулахад бэлэн" гэлээ. 

Шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурын халдвар мэдрэг болон өвөрмөц чанар нь туршилтаар 100 хувийн үзүүлэлттэй, шинжилгээний хариуг богино хугацаанд гаргах боломжтой юм. Мөн сорьцыг 14 хоногийн хугацаанд хадгалах бөгөөд зардал нь 2-3 дахин хямд гэдгийг Эрдэмтдийн зөвлөлийн дарга, АШУҮИС-ийн захирал, доктор, профессор Н.Хүрэлбаатар танилцуулж байсан билээ. Тиймээс тус оношлуур нь нийгэмд хүлээлт үүсгээд байгаа юм.