Б.Саруул: Элэгний В,С вирустэй ч ээнэгшил алдагдаагүй, хүнд хэлбэрийн биш бол вакцин хийлгэж болно

Б.Саруул: Элэгний В,С вирустэй ч ээнэгшил алдагдаагүй, хүнд хэлбэрийн биш бол вакцин хийлгэж болно

Өчигдөр/2021.03.27/ БНХАУ-ын "Синофарм" үйлдвэрийн вакцин  “элэгний В,С вирустэй хүнд хийхгүй” гэсэн заалттай талаар ХӨСҮТ-ийн Дэд захирал Э.Тэмүүлэн мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор элэгний В,С вирустэй ч уг вакциныг хийлгэсэн хүмүүс яах вэ гэдэг эргэлзээтэй ойлголт үүссэн юм. Тэгвэл ХӨСҮТ-ийн Тасгийн эрхлэгч Б.Саруул уг асуудалд тайлбар өглөө. 

Тэрбээр “В, С делта вирусийн элэгний үрэвслийн үед вакцин хийлгэж болох уу гэсэн асуулт түгээмэл байна. В, С делта вирусийн элэгний үрэвсэлтэй, мөн хатуурал үүссэн ч ээнэгшил алдагдаагүй тохиолдолд вакцин хийлгэж болно. 

Бүх төрлийн цочмог халдварт өвчтэй байвал вакцин хийхгүй, харин өвчлөл эдгэрсний дараа мөн эдгэрэх шатандаа явж байвал эмчийн заалтаар хийлгэж болно. 

Вакцины туйлын эсрэг заалт гэж байдаг. Энэ нь огт хийж болохгүй заалт гэсэн үг. Тухайн вакцинд орсон ямар нэгэн найрлага харшилдаг, харшлын урвал хөнгөнөөс хүнд хүртэл үзүүлдэг бол огт хийж болохгүй. Вакцины цэг бүрт эмч нар ажиллаж байгаа. Эмч нар таниас асуумж авч, харшилтай эсэхийг мэдсэний дараа вакцинд хамрагдаж болох эсэхийг тодорхойлно. 

Мөн эсрэг заалт гэж бий. Үүнд цочмог халдварт өвчнүүд хамаардаг. Үүнд зөвхөн элэгний В, С делта вирусийн элэгний цочмог үрэвсэл хамаарахгүй. Бүх төрлийн халдварт өвчнүүд ордог. Мөн сүүлийн нэг жилийн хугацаанд уналт, таталт өгч байсан, мэдрэлийн үрэвслийн хам шинжүүд, жирэмсэн хүн, цус бүлэгнэлт буюу цус гоожилтын хам шинжүүд, дархлалтын болон гормоны эмийн эмчилгээ хийлгэж буй хүмүүст вакцин хийхгүй. Үүнээс гадна коронавирусийн вакцины тунг тухайн өдөр өөр вакцинтай хийхгүй гэсэн заалт бий. 

Мөн ямар нэгэн эрхтэн системийн ээнэгшил алдагдсан хүнд хэлбэрт огт хийхгүй гэсэн заалт байгаа. Тухайлбал, уургийн дутагдлын улмаас хэвлийд нь ус үүссэн, цус алдах эрсдэл бүхий хүмүүст хийж болохгүй. Бусад төрлийн архаг үрэвсэл нь намжмал байдалд байгаа, өөрийнх нь эрхтэн системд ноцтой өөрчлөлт байхгүй хүмүүс эмчийн дүгнэлтээр вакцин хийлгэж болно” гэв.