Дональд Трампын отгон хүү коронавирусийн халдвар авчээ

Дональд Трампын отгон хүү коронавирусийн халдвар авчээ

АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп 14 настай хүү нь коронавирусийн халдвар аваад  эдгэрч буйг өчигдөр /2020.10.14/ Цагаан ордны вэб сайтад нийтлүүлсэн “My Personal Experience with Covid-19” гарчигтай өгүүлэлдээ бичжээ.

Тэрбээр энэхүү өгүүлэлдээ коронавирусийн өвчин туссаны дараа юу үзэж туулсан хувийн туршлагаа бичжээ. Тодруулбал, хоёр долоо хоногийн өмнө АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, тэргүүн хатагтай Меланиа нар коронавирусийн халдвар авсан нь тогтоогдож байсан. Тухайн үед хамгийн түрүүнд хүү Бэррон нь “халдвар авсан байх вий” гэсэн айдас төрснөө тэргүүн хатагтай бичжээ.

Бэрроны эхний шинжилгээний хариу сөрөг гарсан ч хоёр дахь дээрээ эерэг гарсан байна. Гэхдээ өсвөр насны хүүгийн биед ямар ч шинж тэмдэг илрэлгүй байсаар түргэн эдгэрсэн гэв. Түүнлчэн Меланиа Трамп “Гурвуулаа зэрэг өвдсөн нь нөгөө талаар бидэнд хамтдаа цагийг өнгөрөөж, харилцан нэг нэгнээ халамжлах боломж олгосон” гэж бичжээ. Тэргүүн хатагтай өөрөө нэлээд хүнд өвдөж, бүх бие нь янгинаж, ханиалгах, сульдах зэрэг шинж тэмдгүүд илэрч байжээ. Тэрбээр аль болох эм тариа хэрэглэлгүй, амин дэм, эрүүл хоол хүнс түлхүү хэрэглэх замаар биеэ сайжруулснаа бичжээ. Меланиа Трамп удахгүй тэргүүн хатагтайн ажил үүргээ хэвийн гүйцэтгэж эхлэх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн байна.

Эх сурвалж: CNN