Сири дэх "Исламын улс" террорист бүлэглэлийг бүрэн устгасан гэв

Сири дэх "Исламын улс" террорист бүлэглэлийг бүрэн устгасан гэв

Оросын Сирид явуулж буй цэргийн ажиллагааны үр дүнд “Исламын улс” олон улсын террорист бүлэглэлийг бүрэн устгасан гэж ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгджээ.

Тэрээр Оросын Батлан хамгаалах яамны "Красная звезда" сонинд "Сири дэх олон улсын террорист байгууллага болох “Исламын улс” оршин тогтнохоо больсон. Бас Орос руу нэг ч террорист нэвтэрч чадаагүй" хэмээн нийтлүүлжээ.

Мөн Шойгу “Хамгийн гол нь “Исламийн улс” бүлэглэл бүрэн устгагдсан. Ингэснээр зөвхөн Исламийн улс бүлэглэл ч биш тус бүлгээс санхүүгийн болон бусад нөөцийн дэмжлэг авдаг олон улсын террорист далд бүлгүүдийн үйл ажиллагаа бүхэлдээ хохиролд орсныг баттай хэлнэ” гэжээ.

Мөн тэрээр “Биднийг энэ том даалгаврыг яаж биелүүлсэн бэ, зөв аргаар гүйцэтгэсэн үү гэсэн асуулт маргаан өрнүүлж байна. Гэхдээ бид Сирид зайлшгүй шаардлагатай байсан цэрэг дайны ажиллагааг явуулсан тул цорын ганц боломжит хувилбар биш ч, хамгийн зөв хувилбар байсан” хэмээн хэлжээ.

Шойгу Сири дэх уг үйл ажиллагааг Оросын зэвсэгт хүчний чадавхи нэмэгдсэнийг илтгэхийн сацуу ОХУ түнш орнууддаа цэргийн туслалцаа үзүүлэх эрмэлзэлтэй байгааг харуулсан үйл явдал болсон хэмээн тайлбарласан байна.