Хориглосон хугацаанд хурдан морины үсэргээ зохион байгуулсан 5 хүнийг тус бүр 500 мянгаар торгожээ

Хориглосон хугацаанд хурдан морины үсэргээ зохион байгуулсан 5 хүнийг тус бүр 500 мянгаар торгожээ

Зүүн бүсийн аймгууд болох Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймаг дахь хүний эрхийн нөхцөл байдлын талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын референт Д.Гантулга мэдээлэл өглөө.

Тэрбээр "Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ыг шинэчлэн баталснаар жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон. Комисс хүйтний улиралд хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаа зохион байгуулагдахгүй байх мэдээллийг нийтэд өгч, нийслэл, аймгуудын Засаг дарга нарт Комиссын гишүүний зөвлөмж хүргүүлдэг.

Гэвч жилийн 4 улиралд үсэргээ, сунгаа, тодорхой хэмжээний бооцоот уралдаан зохион байгуулах явдал гарсаар байна. Тухайлбал, Сүхбаатар аймгийн хэмжээнд хурдан морь унаач 989 хүүхэд мэдээллийн санд бүртгэлтэй байдаг. 2022-2023 онуудад аймгийн хэмжээнд 67 удаагийн морины уралдаанд давхардсан тоогоор 8210 хүүхэд хурдан морь унаж уралдсан. Үүнээс мориноос унасан 231, хөнгөн бэртсэн 76, бэртэл гэмтэл авч эмчилгээ хийлгэсэн 19 хүүхдэд хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалаас 89 сая 650 мянган төгрөг олгогдсон байна.

Хэдийгээр хүүхдийн амь нас хохироогүй, гэмтэж бэртсэн хүүхдүүдэд нөхөн олговор олгосон хэдий ч дээрх хайхрамжгүй, хууль, журам зөрчсөн үйлдлийн улмаас унаач хүүхэд эрүүл мэндээрээ хохирсоор байгаа юм.

2024 он гарснаас хойш Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт хориглосон хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулсан тохиолдол гарсан учир Комиссын гишүүний Шаардлагыг 2024 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр тус аймгийн Засаг дарга хүргүүлсэн.

Комиссын гишүүний шаардлагын дагуу Сүхбаатар аймгийн Онгон сумын Засаг даргад Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2-т заасны дагуу “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан. Мөн хүүхдийн эрхийн улсын байцаагчаас хориглосон хугацаанд хурдан морины үсэргээ зохион байгуулсан 5 хүнд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6.20-3.3-т зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, тус бүрд нь 500,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан" гэлээ.