СУРВАЛЖИЛГА: Циркийн бар, арслангуудад маань монгол үхрийн мах маш их таалагдаж байгаа. Тэд өдөрт 100 кг мах иддэг

СУРВАЛЖИЛГА: Циркийн бар, арслангуудад маань монгол үхрийн мах маш их таалагдаж байгаа. Тэд өдөрт 100 кг мах иддэг

Манай улсад арав дахь жилдээ тоглогдох гэж байгаа “Дэлхийн цирк Монголд” тоглолт тун удахгүй үзэгчдээ хүлээн авахад бэлэн болоод байна. Тус тоглолтонд Узбекистан Улсын Ташкент хотын Улсын циркийн дөрвөн бар, хоёр арслан  мөн Казахстан Улсын Астана хотоос ховор үүлдэрийн найман пудель нохой, найруулагч, амьтан сургагчдын хамт оролцож, шилдэг үзүүлбэрүүдээ үзүүлэх аж. Бид тоглолтын бэлтгэл ажил хэрхэн явагдаж байгаатай танилцахаар “Steppe Arena”-г зорив.

Биднийг очиход циркчид үзүүлбэрүүдээ бэлдэн хүнд хүнд элементүүдээ давтаж байв. Хэдхэн хоногийн дараа тоглолт болох гэж байгаа учраас бэлтгэл ажил 90 хувьтай хангагдсан, мөн маш шахуу хуваариар бэлтгэл хийж байгаа гэдгийг зохион байгуулагчид хэлж байлаа. Энэ жилийн тоглолтонд бар, арслан хоёр нэг тайзан дээр хамт үзүүлбэр үзүүлнэ гэдгээрээ онцлог болж байна. Тиймээс бид бар, арслангуудын нөхцөл байдал, бэлтгэлээ хэр хангаж байгаа талаар “Дэлхийн цирк Монголд” тоглолтын орчуулагч н.Урангоо болон шоу менежер М.Баяржаргал нараас тодрууллаа.

ВИДЕО:

-БАР, АРСЛАНГУУД МААНЬ БҮГД ӨӨРСДИЙН НЭР, ЗУРАГ БҮХИЙ ГАДААД ПАСПОРТТАЙ, ТОГТМОЛ ЭМЧИЙН ҮЗЛЭГТ ОРДОГ-

-Бар, арслангуудын хувьд хэд хэдэн настай, ямар нэртэй амьтад байна?

-Хамгийн хөгшин нь 14 настай  бар байгаа.Линда, Ази, Барс гээд бүгд өөрсдийн гэсэн нэртэй.

-Ер нь Монголын нөхцөлд хэр дасаж байх шиг байна, хоол хүнсний хувьд хэр хэмжээгээр өдөр хэдэн удаа хооллодог вэ?

-Амьтад маань ирээд арав гаруй хонож байна. Энэ хугацаанд гайгүй дасаж байгаа. Хоолны хувьд дан үхрийн цул мах иддэг. Нэг бар, арслан өдөрт дунджаар 10-14 кг мах иддэг. Энэ хэд маань нийлээд өдөрт 100 гаруй кг мах идэж байна. Үхрийн махнаас өөр зүйл иддэггүй. Хонь, ямаа гэх мэтчилэн өөр амьтны мах идэхээр гэдэс нь хямарч, чяцага алддаг. Циркчин арслан, барууд маань бусад байгалийн амьтдыг бодвол оюуны хөдөлмөр их хийж, илүү энерги зарцуулж байгаа учраас бусдаасаа илүү их мах идэж, биеэрээ ч өсгөлүүн байгаа. Мөн тогтмол нэмэлт витаминуудаа хэрэглэж, эмчийн үзлэгт хамрагддаг.

-Монгол малын мах бусад орны махыг бодвол амтаараа илүү байгаа байх?

-Тийм ээ, энэ хэдэд монгол үхрийн мах маш их таалагдаж байгаа гэж сургагч нь хэлж байгаа. Махыг нь хаяж өгчихөөд үлдсэн махыг нь авах гэсэн уурлаад байна гэсэн. Түүнээс гадна цахим орчинд монголчуудын бичсэн хөгжилтэй комментууд их харагдаж байсан. “Наадуулдаа зуданд хорогдсон малын мах өг. Амттай мах идээд хэд хоног ч жаргах нь дээ” гэх мэт хөгжилтэй зүйлс их бичсэн байсан.

-НААД АРСЛАН, БАРНУУДДАА ЗУДАНД ХОРОГДСОН МАЛЫН МАХ ӨГ, ХЭД ХОНОГ Ч ЖАРГАХ НЬ ДЭЭ” ГЭХ МЭТ ХӨГЖИЛТЭЙ СЭТГЭГДЛҮҮД ИХ БИЧСЭН БАЙСАН-

-Тоглолтын үеэр үзэгчдийн аюулгүй байдал яаж хангагдах вэ. Мөн бэлтгэлээ яаж хийж байгаа вэ?

-Тоглолтын үеэр тусгай хамгаалалтын тор татаж байж амьтдынхаа үзүүлбэрийг үзүүлдэг. Мөн сургагчаас нь өөр хүн огт ойртож болохгүй. Хэдий циркийн сургуулилттай ч гэсэн зэрлэг амьтад учраас аюултай байх магадлал өндөр. Нэг бар л гэхэд сургагч руу гаа хоёр удаа дайрч байсан гэсэн. Бэлтгэлийн хувьд шөнө дунд буюу үүрээр хүн амьтан бага байх үед зөвхөн сургагчтайгаа бэлтгэлээ хийж байгаа. Бусад үед, хүн ихээр бужигнаж байхад амьтдыг торноос нь гаргаж бэлтгэл хийлгэдэггүй, эрсдэлтэй гэж үздэг.

-Амьтдыг улс орнуудын хооронд тээвэрлэхэд асуудал хэр тулгардаг вэ?

-Ер нь зэрлэг амьтад тээвэрлэхэд бичиг баримт, аюулгүй байдлаа хангахаас авхуулаад асуудал их тулгардаг. Тийм ч учраас ийш тийшээ нээх тээвэрлээд байдаггүй. Яг шаардлагатай үед аюулгүй байдлаа маш сайн хангаж байж улс хооронд тээвэрлэдэг. Энэ амьтдын хувьд Ташкент хотоос яг энэ тортойгоо том ачааны машинаар Баян-Өлгийн боомтоор монголд орж ирсэн. Бүгд яг хүмүүс бидэн шиг өөрсдийн нэр, зураг бүхий гадаад паспорттай.

-Амьтад маань голчлон ямар үзүүлбэр үзүүлэхээр бэлдэж байгаа бол?

-Үсэрч харайх, үзэгчид рүү даллах гэх мэт сонирхолтой үзүүлбэрүүдийг бэлдэж байгаа. Та бүхэн зорин ирж бидний бэлтгэсэн гайхалтай үзүүлбэрүүдийг сонирхоосой гэж хүсч байна.

Тоглолтод нийт олон улсын  90 гаруй, Монголын 30 гаруй  нийт 150 орчим уран бүтээлч оролцох бөгөөд Америк, Герман, Канад зэрэг хөгжилтэй орны циркийн тоглолтын түвшинд болно гэдгээрээ онцлох гэдгийг уран бүтээлчид хэлж байна. Хос манеж, долоон жанр хөтөлбөртэй явагдах тус тоглолтыг комедиан М.Баяржаргал хөтлөн явуулах юм.