ШУУРХАЙ: Узбекстаны иргэн Монголд ирж их хэмжээний хуурамч 500 еврогийн дэвсгэртийг 10 гаруй газарт солиулаад явж байхад нь баривчилжээ

ШУУРХАЙ: Узбекстаны иргэн Монголд ирж их хэмжээний хуурамч 500 еврогийн дэвсгэртийг 10 гаруй газарт солиулаад явж байхад нь баривчилжээ

Гадаад улсын иргэнтэй хамтарч их хэмжээний хуурамч валют солиулсан этгээдийг Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс олж баривчлан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл тухайн этгээдүүдийг ШШГЕГ-ын харьяа Хорих 461 дүгээр ангил цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Монгол Улсад их хэмжээний хуурамч валют оруулан ирж, удаа дараагийн үйлдлээр солиулсан гадаадын иргэн нь Узбекстан улсын иргэн байсан байна.

Тэрбээр гэр бүлийн харилцаатай гэх Монгол Улсын иргэнтэй нийлж, дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.

Мөн тухайн хуурамч 500 еврогийн дэвсгэрт нь маш өндөр түвшинд нарийвчлалтай хийгдсэн тул гэмт этгээдүүд нь багагүй хэмжээний мөнгөн дэвсгэртийг арилжааны банк, валют солилцооны төвүүд зэрэг 10 гаруй газраар хуурамч дэвсгэртээ солиулсан байсан байна. Иймд тэднийг энэ их хэмжээний хуурамч мөнгөн дэвсгэртийг ямар зорилгоор, яаж улсын хилээр нэвтрүүлсэн зэргийг шалгаж байж магадгүй байна. 

-ВАЛЮТ СОЛИУЛСАН ИРГЭД БАРИМТ, НОТОЛГООГОО САЙТАР ХАДГАЛЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ-

Харин тухайн этгээдүүдийн үйлдлийг цагдаагийн байгууллагад мэдээлэгдсэн даруй хуулийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж, тэднийг их хэмжээний хуурамч мөнгөн дэвсгэртээ аваад Дархан-Уул аймгийн нутагт дэвсгэрт явж байхад нь саатуулсан байна.

Уг хэрэгтэй холбоотойгоор Монголбанк, Эрүүгийн цагдаагийн алба зэрэг мэргэжлийн байгууллагын алба хаагчдын хамтарсан Ажлын хэсэг гарч, уг хэргийг шалгаж байгаа бөгөөд арилжааны банк, валют арилжааны төвүүдэд шүүлт хийж, хуурамч мөнгөн дэвсгэрт байгаа эсэхийг тогтоох ажиллагааг хийж эхлээд байгаа юм байна. Харин дээрх хэрэг гарсантай холбоотойгоор ХААН банк 500 еврогийн дэвсгэртээр гүйлгээ хийхгүй байгаа гэдгийг мөн албан бус эх сурвалж мэдээллээ. Иймд арилжааны банк, иргэд болон хувиараа жижиг дунд бизнес эрхлэгч нарыг энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, мөнгөн тэмдэгтийн нууцлалыг шалгах, хэрэв энэ төрлийн гүйлгээ хийсэн тохиолдолд валют солиулсан баримт, нотолгоог авч, өөрийн биедээ хадгалж байхыг сэрэмжлүүлж байна.