Халдлагын үеэр "Крокус Сити Холл" төвд өлгүүрчнээр ажиллаж байсан сурагчид олон хүний амийг аварчээ

Халдлагын үеэр "Крокус Сити Холл" төвд өлгүүрчнээр ажиллаж байсан сурагчид олон хүний амийг аварчээ

ОХУ-ын “Крокус Сити Холл” төвд болсон террорист халдлагын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 180 болж, одоогоор 142 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна гэж Москвагийн Эрүүл мэндийн яамнаас мэдээллээд байна. Харин Оросын Ерөнхий прокурорын газраас “Крокус Сити Холл” төвийн хамгаалалтын зохион байгуулалтад ямар нэгэн зөрчил илрээгүй хэмээн мэдэгдэж байгаа юм.

Тэгвэл халдлага болох үед айж сандарсан хүмүүст тухайн танхимд өлгүүрчнээр ажиллаж байсан 15 настай сурагчид болох Ислам Халилов, Артем Донсков, Никита Иванов, Вика нар туслаж, олон хүний амийг аварсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлжээ. Тэд танхимаас гарахаар айж гүйлдэн орилолдож байсан хүмүүст зам зааж өгч, оффисын байраар дамжин аюулгүй гудамжинд хүргэжээ. Мөн сурагч Ислам Халилов өөрийн нэвтрэх картаа хүмүүст ашиглуулан маш олон хүнийг гудамжинд гаргасан байна. Тэд албаны гарцаар гаргаад дараа нь хүн үлдсэн эсэхийг шалгаж өөрсдөө хамгийн сүүлд гарчээ.

Мөн үзэгчдийн нэг нь буудаж байсан террористыг дайран унагаж, бууг нь авч түүнийг цохин аюулгүй болгоод тэр хавийн хүмүүсийг аварч байсныг харсан талаараа сурагчид мэдээлсэн байна.

Эх сурвалж: The New York Post