ВИДЕО: Уэльсийн гүнж Кэйт Миддлтон хорт хавдартай болж, хими эмчилгээ хийлгэж байгаагаа анх удаа ил болгожээ

ВИДЕО: Уэльсийн гүнж Кэйт Миддлтон хорт хавдартай болж, хими эмчилгээ хийлгэж байгаагаа анх удаа ил болгожээ

Их Британийн хааны гэр бүлийн гишүүн, Уэльсийн гүнж Кэйт Миддлтон хорт хавдартай болж, хими эмчилгээ хийлгэж байгаагаа өчигдөр орой анх удаа нийтэд зарлажээ.

Өнгөрсөн оны Зул сарын баярын өдөр хэвлийн хагалгаанд орохоор эмнэлэгт хэвтсэнээсээ хойш гүнж удаан хугацаанд олны нүдэнд ил гараагүй байсан юм. Тэрбээр, “Миний бие сайн байгаа. Намайг эдгэрэхэд тус болох зүйлсэд анхаарлаа төвлөрүүлснээр би өдөр бүр сайжирч байна” гэж видео мэдэгдэлдээ хэлжээ. Мөн өвчнийг эмчлэхэд “хугацаа, орон зай, нууцлал” хэрэгтэй байгааг энэ үеэр хүмүүст тайлбарласан байна. Ингэхдээ ямар төрлийн хорт хавдраар өвчилснөө хэлээгүй юм.

Гүнжийн хувьд хүмүүсийн нүдэнд ил гаралгүй бараг гурван сар болсон нь анхаарал татаж байгаа юм. Саяхан түүний хүүхдүүдтэйгээ авхуулсан гэрэл зургийг Кенсингтоны ордноос тараасан ч эвлүүлэг байсан нь илэрч байсан. Угсаа залгамжлах хунтайж Уилльямтай 2011 онд гэрлэсэн Кэйт бол гүнж Дианагаас хойш Британийн хааны гэр бүлээс дэлхий дахинд хамгийн их алдаршсан эмэгтэй юм. Тэрбээр язгуур угсаагүй, жирийн гэр бүлээс гаралтай. Марлбороугийн охидын хувийн сургуулийг төгссөн Кэйт 2001 онд Шотландын Гэгээн Эндрьюсийн их сургуульд элсэн суралцахдаа хунтайжтай танилцсан гэдэг.

ВИДЕО: