Т.Доржхандын ХҮН нам, Ж.Батзандангийн ШИНЭ, Б.Батбаатарын ИЗНН намуудтай "эвсэл" болж жагсаалтын 4 дүгээрт бичигдэн сонгуульд оролцохоор тохирчээ

Т.Доржхандын ХҮН нам, Ж.Батзандангийн ШИНЭ, Б.Батбаатарын ИЗНН намуудтай "эвсэл" болж жагсаалтын 4 дүгээрт бичигдэн сонгуульд оролцохоор тохирчээ

УИХ-ын сонгуульд оролцох намууд ирэх даваа гараг буюу энэ сарын 25-нд /2024.03.25/ мөрийн хөтөлбөрөө аудитын газарт хүргүүлнэ. Энэ өдөр мөн  ямар намууд эвсэл болж сонгуульд оролцох нь тодорхой болох юм.

-ЖИЖИГ НАМУУД ХӨДӨЛГӨӨНД ОРЖ ИДЭВХТЭЙ БАЙГАА НЬ ХОЛИМОГ ТОГТОЛЦООГООР СОНГУУЛИЙГ ЯВУУЛАХТАЙ ХОЛБООТОЙ-

Энэ жилийн тухайд сонгууль дөхөх тусам жижиг намууд хөдөлгөөнд орж, “амилж” байгаа. Учир нь манай улс түүхэндээ хоёр дахь удаагаа холимог тогтолцоогоор сонгуулиа зохион байгуулж, бүсчилсэн 13 том тойргоос парламентын 126 гишүүнийг сонгох гэж байна. Энэ бол жижиг намуудад боломж олгох хувилбар. 2012 онд явагдсан УИХ-ын сонгуулийн анхны холимог тогтолцоот сонгуульд 11 нам, хоёр эвсэл өрсөлдсөнөөс Ардчилсан нам 31, МАН 25, Шударга ёс эвсэл 11, Иргэний Зориг-Ногоон нам 2, Бие даагч 3 суудлыг авч, парламентад сууж байсан. Тус агуулга нь сонгуулийн “холимог тогтолцоо” бол улс төрийн жижиг намуудыг парламентад суудалтай байх боломж олгодог гэсэн үг. Үүнээс гаднах хамгийн том гаргалгаа бол 2023 оны хаврын чуулганаар батласан Сонгуулийн хуульд оруулсан өөрчлөлт.

Тухайлбал, “УИХ-ын Сонгуулийн тухай” хуулийн 74.2.1-д “Энэ хуулийн 4.3.1-д заасан тойрогт ногдох нийт мандатын 50 буюу түүнээс дээш хувьд нь нэр дэвшүүлсэн байх” гэсэн  заалт бий. Энэ нь улс төрийн жижиг намууд сонгуулийн 13 бүсчлэлд доод тал нь 39 хүнийг нэр дэвшүүлнэ гэсэн үг юм. Мөн хуулийн 74.2.2-д “Намын тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 4 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх” гэж тусгасан.

Энэ нь 39 хүнийг тойрогт нэр дэвшүүлсэн улс төрийн жижиг намууд сонгуульд оролцсон нийт иргэдийн 4 хувийн саналыг авч байж жагсаалтын эхэнд бичигдсэн хүн нь парламентын гишүүн болно гэсэн үг юм. Товчхондоо, Д.Пүрэвдаваагийн Монголын либерал нам 4 хувийн санал авч байж, тэрбээр УИХ-ын гишүүн болно.

Харин “УИХ-ын Сонгуулийн тухай” хуулийн 74.2.3-д Хоёр нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 5 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх” гэж заасан. Энэ нь Н.Номтойбаярын Монголын ногоон нам, Монголын үндэсний ардчилсан намын эвсэл нь сонгогчдын 5 хувийн саналыг авсан тохиолдолд жагсаалтын эхэнд бичигдэх Н.Номтойбаярыг УИХ-ын гишүүн болсонд тооцно гэсэн санаа юм. Харин тус хуулийн 74.2.4-д “Гурав буюу түүнээс дээш нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 7 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх” гэж заажээ. Харин одоогоор гурван нам нэгдэж эвсэл болж сонгуульд оролцохоор болсон гэх мэдээлэл хараахан гараагүй байна. Хэрэв ингэсэн тохиолдол гурван намын эвсэл 7 хувийн санал авах ёстой.

Энэ боломжийг олж харсан Н.Номтойбаяр Монголын ногоон нам, “Монголын Үндэсний ардчилсан намыг хамтруулж өөрөө даргаар нь ажиллаж, Д.Пүрэвдаваа АН-аа орхин Монголын либериал намын дарга болж, Л.Гүндалай “Ард түмнээ хайрлая” намдаа буцаж байгаа юм.

-ЖАГСААЛТЫН 19-т БИЧИГДЭХ ХҮН НАМ СОНГОГЧДИЙН НҮДЭНД ТУСАХЫН ТУЛД ЖАГСААЛТЫН ДӨРӨВТ БИЧИГДЭХ ИЗНН-ТАЙ ЭВСЭЖ БАЙНА-

Тэгвэл эдгээрээс гадна парламентад нэг, НИТХ-д 13 гишүүнтэй ХҮН нам, АН-д гологдсон Ж.Батзандангийн 2019 онд байгуулсан ШИНЭ намтай мөн одоо Б.Батбаатарын даргалж буй Иргэний зориг ногоон намтай эвсэхээр болсон байна. Тэд энэ шийдвэрээ даваа гарагт /2024.03.25/ аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлэхтэй зэрэгцэн олон нийтэд мэдэгдэхээр төлөвлөжээ. Улсын хэмжээнд хийсэн судалгааны дүнгээр МАН, АН-ын рейтинг дөнгөж арав гаруйтай, нийслэлд МАН бүр 10 ч хүрэхгүй байгаа бол ХҮН намын нэр хүнд өндөр байгаа гэх мэдээлэл улс төрийн хүрээнд яригдаж буй.

Тэгэхээр жижгүүд ХҮН-тэй нэгдэх нь нэг, хоёр суудлаас зулгаах боломж юм. Энэ утгаараа Ж.Батзандан, Б.Батбаатар нар Цагаан сараас хойш хийсэн уулзалтынхаа үр дүнд ХҮН-тэй учраа олсон гэж харагдаж байна. Нөгөөтэйгүүр жагсаалтын эрэмбийг харвал

  • Саналын хуудаст 3-т "Монголын ногоон нам",
  • Саналын хуудаст 4-т Б.Батбаатарын удирдаж буй ИЗНН
  • Саналын хуудаст 33-т ШИНЭ нам
  • Саналын хуудаст 19-т ХҮН нам бичигдэнэ.

Ийм л учраас жагсаалтын хамгийн ард бичигдэх ХҮН нам ИЗНН-ыг ашиглан урдуур бичигдэж, сонгогчийн нүдэнд тусахын тулд эвсчээ гэж харагдаж байна. Нөгөө талд ХҮН намын дажгүй рейтинг дор тэд 80-112 мянган иргэний санал авна хэмээн төсөөлсэн биз ээ.