Гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгээр нийт багш нарын 51,7 хувь нь 10-25 хувийн урамшуулал авч байна

Гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгээр нийт багш нарын 51,7 хувь нь 10-25 хувийн урамшуулал авч байна

Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын үнэлгээний төвөөс багшийн болон байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг 2 дахь жилдээ зохион байгуулжээ.

Энэхүү үнэлгээний үр дүнд түвшин бүрд ахисан тооцоо гарчээ. Хоёр дахь удаагийн гүйцэтгэлийн үнэлгээнд Ерөнхий боловсролын 681 сургууль, 28382 багш, 912 мянган суралцагч хамрагдлаа. Багшийн гүйцэтгэлийг 4 шалгуур, 13 үзүүлэлтээр үнэлдэг. Үнэлгээг сургуулийн удирдлагууд, хамт олон, эцэг эх асран хамгаалагч, суралцагч, багш өөрөө өгдөг. Харин байгууллагын үнэлгээг 8-25 оноо бүхий 6 шалгуураар хэмждэг байна.

Эхний жилийн үнэлгээгээр багш нарын 43 орчим хувь нь урамшуулалд хамрагдаж байсан бол энэ удаагийн үнэлгээний үр дүнгээр ерөнхий боловсролын сургуулийн багш нарын 51,7 хувь нь 1-4 дүгээр индекст эрэмбэлэгдэж, 10-25 хувийн урамшуулал авч байгаа бөгөөд багш нарын урамшуулал ирэх төсвийн жилээс 50 хүртэл хувиар нэмэгдэнэ.

Харин сургуулийн өмнөх боловсролын тухайд нийт багш нарын 50,6 хувь, нийт цэцэрлэгийн 41,4 хувь нь урамшуулалд хамрагдаж байна. Ерөнхий боловсролын сургуулийн үнэлгээгээр сургуулиудын 47 хувь нь урамшуулалд хамрагдах аж. Энэ хүрээнд багш нарт олгож байгаа цалингийн зардлын гүйцэтгэлийг сүүлийн гурван жилийн зөвхөн 9 дүгээр сараар жишээлж үзэхэд өссөн дүр зураг харагдаж байна.

2021 оны есдүгээр сард Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын цалин урамшуулалд 45,9 тэрбум төгрөг, 2022 оны есдүгээр сард 69,1 тэрбум төгрөг олгож байсан бол энэ оны есдүгээр сард 95,6 тэрбум төгрөг шилжүүлжээ. Цэцэрлэгийн багш нарын цалинд 2021 оны есдүгээр сард 24,3 тэрбум төгрөг, 2022 оны есдүгээр сард 35,2 тэрбум төгрөг олгож байсан бол энэ оны есдүгээр сард 60,1 тэрбум төгрөгийн цалин, урамшуулал тус тус олгосон аж.