МАН-ЫН БҮЛЭГ: Сонгуулийн хуулийн өргөн барих төслөөр 38 хүн намын нэрсийн жагсаалтаар, 38 хүн тойргоос сонгогдоно

МАН-ЫН БҮЛЭГ: Сонгуулийн хуулийн өргөн барих төслөөр 38 хүн намын нэрсийн жагсаалтаар, 38 хүн тойргоос сонгогдоно

УИХ дахь МАН-н бүлэг хуралдаж УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэжээ. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн " УИХ-ын даргын захирамжаар Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсэгт парламентад суудалтай гурван намын төлөөлөл оролцон ажилласан. Үндсэн хуулийн 21.4-т заасны дагуу зургадугаар сарын 20-ны өдрөөс өмнө Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж, батлах үүрэгтэй. Энэ долоо хоногийн лхавга гарагийн Засгийн газрын хурлаас Засгийн газрын саналыг аваад УИХ-д өргөн барина. 

Сонгуулийн хуультай холбоотой дараах таван өөрчлөлтийг хийж байгаа.

  • Нэгдүгээрт, холимог тогтолцоотой байхаар өргөн барихаар бэлтгэж байна. Өөрөөр хэлбэл, 50 хувь нь мажоритар, 50 хувь нь намын жагсаалтаар сонгогдох хувилбараар өргөн барьж байна. Сонгогч хүнийг, намыг аль алиныг нь харж сонгох боломжийг бий болгоно.Намын жагсаалтаар янз бүрийн хүмүүс орж ирдэг гэдэг шүүмжлэл байдаг учраас нэрсийн жагсаалтыг харуулж, сонголт хийх боломжийг бүрдүүлэх чиглэлд анхаарсан. Түүнчлэн, сонгогч намыг дэмжихгүй, нэр дэвшигчийг дэмжих сонголтыг нээлттэй орхиж байгаа.
  • Хоёрдугаарт, сонгуулийн зардлыг бууруулахтай холбоотой өөрчлөлтүүдийг хийнэ. Тухайлбал, нэр дэвшигчид болон намуудын зурагт самбар, ухуулагчийн тоог багасгахаар тусгасан байна.
  • Гуравдугаарт, гадаадад байгаа сонгогчдын саналыг авахаар ажиллана.
  • Дөрөвдүгээрт,улстөрийн намын босгыг гурван хувь байхаар санал тусгасан.
  • Тавдугаарт, нэр дэвшигчдийн доторх хүйсийн тэнцвэр 30 хувиас доошгүй байна" гэлээ.