Улсын гарьд Б.Гантогтохын охин Хандсүрэн: "Монголчууд волейболоор хичээллэдэг юм уу" гээд Япончууд их гайхдаг байсан

Улсын гарьд Б.Гантогтохын охин Хандсүрэн: "Монголчууд волейболоор хичээллэдэг юм уу" гээд Япончууд их гайхдаг байсан

Монгол волейболчин "Японы дээд лиг"-т анх удаа хөл тавьсан сайхан мэдээг бид өнгөрсөн жил сонсож байсан билээ. Волейболын спортод дурлаж, Японы дээд лигт тоглох урилга авах хүртлээ хичээж, хөдөлмөрлөсөн Г.Хандсүрэнг бид энэ удаагийнхаа "Сошиал ID" булангийнхаа зочноор урилаа. Тэрээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх аваргын ач, Улсын гарьд Б.Гантогтохын охин бөгөөд Японы дээд лигийн тоглолтоо дуусаад эх орондоо түр ирээд байгаа юм. 

ВИДЕО: 

 

-ЯПОНЫ ИРГЭНШИЛТЭЙ БОЛОХ САНАЛ ИРЖ БАЙСАН. БИ МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГААСАА АМЖИЛТ ГАРГАХ ХҮСЭЛТЭЙ УЧРААС ТАТГАЛЗСАН-

-Таныг олон нийт хэдийнээ эчнээ таньдаг болсон ч бидэнд өөрийгөө товч танилцуулаач?

-Сайн байцгаана уу. Намайг Гантогтохын Хандсүрэн гэдэг. 25 настай. Волейболын спортын мэргэжлийн тамирчин.

-Таныг Японы лигт тоглохоор болж, гэрээ байгуулсанд нь монголчууд их баяртай хүлээж авч байсан. Тус лигт тоглох боломжийг хэрхэн олж авсан талаар яриагаа эхлүүлье?

-Намайг дэмждэг хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Улам их хичээнэ ээ. Би Японы мэргэжлийн лигт тоглоод лигээ дуусаад, амралтаараа ирээд байж байна. Япон Улсад волейболын лигийн клубүүд “Try out” зохион байгуулж, тэндээс тамирчдаа сонгож авдаг юм. Миний хувьд Япон улсад 7 жилийн хугацаанд бэлтгэл хийсэн. Энэ нь ч ч тоглолтод нөлөөлж, мэргэжлийн дөрвөн клубээс урилга ирж, би дивизион II-ийн “Брийт Хамамацү” багийг сонгосон. 

-Нууц биш бол “Брийт Хамамацү” багийг сонгох болсон шалтгаан нь юу байсан бол?

-“Брийт Хамамацү” багийн менежер, дасгалжуулагч нар надтай маш найрсагаар харьцаж, амжилтын төлөө хамтдаа хичээцгээе гээд өөрийн багтаа тоглохыг урьсан. Ерөнхийдөө тэдний харилцаа надад маш сайхан, дотно санагдсан гэх үү дээ. Мөн энэ багт ажил хийгээд тоглох боломжтой байсан нь миний сонголтод нөлөөлсөн. 

-Тэгэхээр тоглолтынхоо хажуугаар ажил хийдэг гэсэн үг үү?

-Тийм ээ. Би одоо Японы “Bank of shizuoka” гэдэг банканд ажиллаж байгаа. “Брийт Хамамацү” баг нь 110 гаруй компаниас спонсор авдаг. Түүний нэг нь “Bank of shizuoka” банк. Банкны тамирчин гэдэг үүднээс мэргэжлийн тамирчин хийгээд явна гэсэн үг. 

Японы дээд лигийн тамирчин Г.Хандсүрэн

-Японы лигт орсноосоо хойш гаргасан тэмцээн уралдааны амжилтаасаа хуваалцаач?

-Японы лигт 20-21 улиралд хоёрдугаар байр, 21-22 улирал дээр хоёрдугаар байрт орсон амжилт гаргаад байна.

-Эдгээр амжилт нь багийн тамирчидтайгаа гар нийлж, баг болсны илрэл үр дүн байх. Өөрийг тань Монгол тамирчин гэхээр анх хэрхэн хүлээн авч байв?

-Тийм шүү. Бид маш хурдан нэг баг болж чадсан.  Анх Монгол хүн орж ирсэн гэхээр их сайнаар хүлээж авч байсан. Япончууд монголчуудыг хамгийн түрүүнд сумогийн аваргуудаар мэддэг юм шиг санагдаж байсан. Сумогоор үнэхээр сайн танигдсан байдаг. Харин монголчууд волейболын спортоор хичээллэдэг юм уу гээд их гайхдаг байсан. Анхнаасаа л “Монголд волейболын спорт байдаг юм уу” гэх мэт асуултад байнга булагддаг байсан. Би Японоор сайн ярьдаг учраас дундаа ороод л бие биеэ дэмждэг байсан учраас түүгээрээ л их дотноссон байх. Надад Хан Жан гэдэг нэр өгсөн. Хан Жан манай багт орсонд баярлалаа гээд л их хөөрхөн. Бид хоорондоо маш сайн ярилцаж бэлтгэлээ хийдэг.

-Японы шигшээ багийн дасгалжуулагч таныг иргэншлээ солих санал тавьж байсан гэх мэдээлэл байдаг. Таныг хувьд иргэншлээ солих бодол байдаг уу?

-Намайг Японы шигшээ багт тоглож байхад дасгалжуулагч маань иргэншлээ солиоч гэж их санал тавьдаг байсан. Миний хувьд Монголын шигшээ багаасаа амжилт гаргах хүсэлтэй. Тийм болохоор иргэншлээ солихгүй гэсэн бат хатуу суурьтай байдаг.

Японы дээд лигийн тамирчин Г.Хандсүрэн

-ӨВӨӨ ААВ ХОЁРТ МИНЬ НАМАЙГ БӨХ БОЛГОХ НУУЦХАН ХҮСЭЛ БАЙСНЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ. ГЭХДЭЭ ИЛ ХЭЛЖ БАЙГААГҮЙ-

-Волейболын спорттой амьдралаа холбосон дурсамжаасаа хуваалцаач. Энэ спортод хэрхэн хөл тавьж байв?

-Миний хувьд бусад тамирчин шиг багаасаа энэ спортоор хичээллээгүй. Анх ганд-бол, сагсаар хичээллэдэг байсан. Харин Сүхбаатар дүүргийн нэгдүгээр сургуулийн н.Гансүх багш маань намайг өндөр учраас волейбол тоглоод үзээч гэх саналыг тавиад анх удаа тоглож байсан. Үүнээс хойш энэ спортод дурлаж, эргэлт буцалтгүй орсон.

-Таны хувьд аргагүй өндөр юмаа. Нууц биш бол өөрийн тань өндөр хэд бол?

-Хүмүүс надаас энэ асуултыг их асуудаг. Миний өндөр 182 см орчим. Орчим гээд хэлж болно биз дээ. /инээв/ 

-Таны гэр бүлийнхэн бөхийн спортын хүмүүс. Өөрийг тань анх волейболын спортоор хичээллэхэд нь хэр хүлээж авч байв. Бөх болгох хүсэл байсан болов уу?

-Манай буурал аав Хорлоогийн Баянмөнх  гэж олимпын медальтай бөх хүн. Харин аав маань Улсын гарьд Б.Гантогтох. Би бол гуравдах удмын спортын хүн гэсэн үг. /инээв/ Бөхийн тухайд өвөө, аавд минь тийм нууцхан хүсэл байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ ил бол хэлж байгаагүй. Харин охин хүүхэд спортоор хичээллээд алс холын Япон улсыг зорино гэхээр гэр бүлийнхэн маань нэлээн хориг тавьж байсан. Гэхдээ би яг дуртай зүйлээ бариад хийхийг хүсэж байсан учраас тэд маань зөвшөөрч, би Япон улсыг зорьсон. Тэгээд өнөөдрийг хүртэл огт шантралгүй хичээсээр 10 жил өнгөрсөн байна. 

-Таны хувьд цаашид бөхөөр хичээллэе гэсэн бодол байдаг уу?

-Боломж байвал би бүх спортоор хичээллэж үзэхийг хүсдэг. Гэрийнхэн дэмжээд би өөрөө чадна гэвэл болохгүй юм байхгүй. 

-Хүсэл мөрөөдлийнхөө талаар хуваалцаач?

-Миний хувьд волейболын спортдоо арваад жилийг зарцуулсан. Тийм учраас сурч мэдсэн зүйлээ бүгдийг Монголдоо авчраад дүү нартаа зааж сургах. Ер нь ах, эгч нараасаа суралцаад энэ спортын хөгжилд боломжоороо нөлөөлөхийг хүсдэг.

Японы дээд лигийн тамирчин Г.Хандсүрэн