СУРВАЛЖИЛГА: "Сэрээгүй юу, Гайгүй гэнэ үү" гэж зөөлөн асуух иргэдийн хөлд "Сэхээний тасаг"-ийн үүд дарагдана

СУРВАЛЖИЛГА: "Сэрээгүй юу, Гайгүй гэнэ үү" гэж зөөлөн асуух иргэдийн хөлд "Сэхээний тасаг"-ийн үүд дарагдана

Энэ оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр /2021.04.02/ Олимпын аварга Н.Түвшинбаяр Улсын өсөх идэр начин Э.Энхбатын биед ноцтой гэмтэл учруулж,  Э.Энхбат нь БНСУ-д эмчлүүлж байгаад өнгөрсөн амралтын өдөр эх орондоо ирж, “Сонгдо” эмнэлэгт эмчилгээгээ үргэлжлүүлж байгаа юм. Тэгвэл манай сурвалжлах алба тус эмнэлгийг зорин Э.Энхбатын биеийн байдал болоод эргэн тойрны үйл явцыг сурвалжлав.

“Сонгдо” эмнэлэг 16 цаг. Эмнэлгийн үүдээр орох төдийд л эмнэлгээс үнэртдэг эм тарианы үнэр хамар цоргитол үнэртэв. Үүдэн хэсэгт эмийн сан байрлах бөгөөд, нэг давхарт хүмүүсийн хөл бужигнаан ихтэй, нааш цааш холхилдон алхах нэгнээс авахуулан яаран гүйх эмч, сувилагчид угтана. Халаадаа өмссөн хэвтэн эмчлүүлэгчид өөрт нь эргэлт ирсэн бололтой нэг давхарт бууж ирэн ар гэр, найз нөхөд, хамаатан саднаа хайсан мэт эргэн тойрноо ажиж, олж харсан бололтой инээмсэглэн очих нь ч ажиглагдав.

Харин тус найман давхар барилгын хамгийн их хүнтэй гэгдэх хоёр давхарт нь эрчимт эмчилгээний болоод мэс заслын тасаг байрлаж байв. Хоёр давхар луу гарахад л хүмүүсийн хоорондоо шивнэлдэн ярилцах шивнээ нь хэн нь, юу ярьж байгаа нь үл мэдэгдэх ч шивнээ хоорондоо нийлснээр өрөөг бүхэлдээ чимээ шуугиантай болгож байлаа.

Тус давхарт “эрчимт эмчилгээ” болон “мэс засал” гэсэн хоёр шилэн хаалга байх бөгөөд хоёр тасгийг зааглах мэт дунд нь хүмүүс ихээр бужигналдан суух нь сууж, зогсох нь зогсож, зарим нь бүр шалан дээр явган ч суусан харагдах юм. Хэдэн цагийн турш иймэрхүү байдалтай байснаас ядарсан байгаа нь илт.

Энэ давхрын хамгийн олон хүн бөөгнөрсөн хэсэг бол зүүн талын мухрын хэсэг. Тэдгээр олон хүмүүс “Эрчимт эмчилгээний тасаг” гэх бичигтэй хаалганд наалдаастай шахуу зогсож байх агаад эдгээр хүмүүс бол Э.Энхбат начны ар гэр, найз нөхөд байлаа.

Том биетэй эрчүүдээс авахуулан, хөгшин залуу эмэгтэй нар янз бүрийн тор, ууттай зүйл болоод өөрсдийн гадуур хувцсаа дааж ядан зогсоно. Эрчим эмчилгээний шилэн хаалган дээр “Анхаар сахиур орохыг хатуу хориглоно”,”Анхаар эргэлт орохыг хориглоно”, ”Санамж” гэх мэт томхон хэвлэж гаргасан бичиг байх аж. 

Үе үе тус тасгаас ногоон, цагаан халаадтай эмч, сувилагч нар ээлжлэн гарч ирэн эмчлүүлэгчийн ар гэрийг дуудан биеийн байдлын талаар тайлан мэдээ хүргэнэ. Мэдээнээс хамаарч тайвшрах нь тайвширч, түгших нь түгшиж бусдадаа очин хэл хүргэнэ. Энд нийт ойролцоогоор зургаа, долоон эмчлүүлэгчийн ар гэр байх агаад нэг айлаас гэхэд л дор хаяж 10-аад хүн цугларч, зарим нь “машиндаа сууж байя” хэмээгээд гарч явна. Ингэхдээ 10 минутын зайтай орж ирэн эмчлүүлэгчийнхээ биеийн байдлыг асууж, ухаан орсон эсэхийг лавлаж аваад буцаад л машин руугаа буцах аж.

Харин Э.Энхбат начин дээр ирсэн эрчүүдийг харваас бөх гэлтэй алхаа гишгээнээс илхэн. Тэдний зарим нь хоёр давхарт гарч ирэн таньдаг хүн байгаа эсэхийг анхааралтайгаар эхнээс нь бүх хүнийг ажиглаж байгаад нэг давхарт бууснаа буцаад л гарч ирнэ. Утсаар ярьж байгаад холбогдсон бололтой хоорондоо очин мэнд мэдэлцэн зогсоно. Тэдний ярианаас сонсвол,

-Сэргээгүй юу?

-Үгүй ээ

-Гайгүй гэнэ үү?

-Мэдэхгүй ээ.

гэх цөөн үгээр харилцана. Харин мөн Э.Энхбат начин дээр ирсэн гэх эмэгтэйчүүд хоорондоо илүү мэдээлэлтэй гэмээр шивнэлдэх аж. “Биеийн байдал тунчиг сайнгүй байгаа бололтой. Эмч сувилагч нар нь өнөө маргаашаа давах уу Үгүй гэж байна л гэнэ билээ. Яана вэ хөөрхий” гэх мэт уулга алдан шивнэлдэж байгаа хэдий ч хажуу талдаа ч сонстохоор байв. Харин оройн 18 цагийн орчимд зарим хэвлэлээр начныг нас барсан гэх мэдээлэл цацагдаж байлаа. Харин ар гэрийг ажиглавал харьцангуй тайван байх агаад ямар нэг гэнэтийн зүйл болоогүй нь илт. Начин дээр ирсэн гэх бүгд л түүний төлөө дотроо залбиран сүүлдээ зарим нь чимээгүй суусаар л байв...




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө