Баянхонгор суманд улсын төсвийн 3.2 тэрбумаар ЕБС барьж эхэлсэн ч 11 жил болсны улмаас төсөв нь хоёр дахин нэмэгджээ

Баянхонгор суманд улсын төсвийн 3.2 тэрбумаар ЕБС барьж эхэлсэн ч 11 жил болсны улмаас төсөв нь хоёр дахин нэмэгджээ

Төсвийн мөнгө уйлдаггүй гэгчээр олон жил төсвийг сайлын үнээ мэт ашиглаж, 10 гаруй жил дамнан баригдсан төсөл хөтөлбөрүүд Монголд байна. Өөрөөр хэлбэл улсын төсөвт санхүү нь суулгагдсан ч олон жил барилгын ажил нь царцмаг байдалтай байх авч жил бүрийн улсын төсөв дээр тодорхой хэмжээний төсөв тавигдаж, 10 гаруй жил ашиглалтанд оролгүй барилгын ажил нь үргэлжилсэн хэвээр байна гэсэн үг.

Тухайлбал Баянхонгор аймгийн Баянхонгор сум дахь 960 хүүхдийн суудалтай тавдугаар сургууль нь анх 2012 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах жагсаалтад БШУ-ы сайдын багцад тусгагдсан байжээ. Гэтэл хамгийн сүүлд буюу өнгөрсөн 2023 онд улсын төсөвт уг сургуулийн барилгын ажилд төсөв суулгагдсан байх аж. 

-АНХ 2012 ОНД БАРИГДАХДАА 3.2 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨГДСӨН Ч 2023 ОНД 5.4 ТЭРБУМ БОЛЖ ТӨСӨВ НЬ БАРАГ ХОЁР ДАХИН ӨСЧЭЭ-

Тодруулбал, Баянхонгор аймгийн Баянхонгор сум дахь 960 хүүхдийн суудалтай тавдугаар сургуулийн барилгыг анх 2012 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах жагсаалтад БШУ-ы сайдын багцад тусгагдсан байжээ. Ингээд 2013 оноос барилгын ажил эхэлсэн ба тухайн үед нийт төсөвт өртөг нь 3.2 тэрбум төгрөг байсан бөгөөд 2013 онд ашиглатанд оруулахаар төлөвлөсөн байна. Гэвч дуусалгүй 11 жил дамнан баригдаж сүүлд 2023 онд улсын төсөвт 496 сая төгрөг тусгагдсан байх юм.

Улмаар 2012-2023 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалтад нийтдээ есөн жил тусгагдаж, 2012 онд 3.2 тэрбум байсан төсөвт өртөг 2023 онд 5.4 тэрбум болж бараг хоёр дахин нэмэгджээ.

Үүнийг Боловсрол, шинжлэх ухааны яамны тайлбарласнаар зураг төслийг буруу хийсэнтэй холбоотойгоор барилгын ажлыг дуусгаж чадалгүй олон жил болж, төсөв нь 1.7 дахин нэмэгдсэн гэдэг тайлбарыг хэлж байсан. Гэвч 11 жил үргэлжилсэн барилгын ажлын гол буруутан хэн байв? Төлөвлөснөөс хоёр дахин нэмэгдсэн төсвийн мөнгөний хариуцлагыг хэн үүрэх вэ.

-ТАВДУГААР СУРГУУЛИЙН БАРИЛГЫН АЖЛЫГ "ИХ НАЯД ХӨГЖИЛ" ХХК ГҮЙЦЭТГЭЖ БАЙЖЭЭ-

Уг барилгын зураг төслийг гаргаж, барилгыг барьсан газар нь “Их наяд хөгжил” ХХК гэх газар байх ба энэ компани анх 2011 онд байгуулагдаж, 2012 онд тавдугаар сургуулийн тендерийн ажилд шалгарсан байна. Энэхүү компанийн удирдлага нь Ш.Отгонхундага гэх хүн байдаг бөгөөд төмөр зам,  дэд станц зэрэг хэд хэдэн тендерт шалгарч байжээ.

Түүнчлэн 2012 он хүртэл буюу барилгын ажлыг анх санаачлах үед Баянхонгор аймгаас УИХ-д Х.Баттулга, Г,Занданшатар, Б.Батбаяр нар ажиллаж байсан гэдгийг нэхэн сануулья.

Мөн бид Баянхонгор дахь тавдугаар сургуультай холбоотой асуудал, барилгын ажил удааширсан шадтгаан нөхцлийг тодруулахаар Баянхонгор аймгийн боловсролын газрын төсөв, хөрөнгө оруулалтыг хариуцсан албаны хүнтэй холбогдсон ч мэдээлэл өгөхөөс илтэд татгалзаж, удааширсан шалтгааныг хэлж өгөх боломжгүй гэв. 

Эцэст нь дүгнэхэд, энэ мэтчилэн улсын төсвийн мөнгийг дэмий үрж, 10 гаруй жил баригддаг, баригдах явцдаа төсөв нь хоёр дахин нэмэгддэг явдал үүгээр зогсохгүй олон. Зөвхөн нэг жишээг бид энэ удаа дурдлаа.