ВИДЕО: Гүржийн жагсаалын үеэр 63 хүн баривчлагдаж, зургаан цагдаа шархаджээ

ВИДЕО: Гүржийн жагсаалын үеэр 63 хүн баривчлагдаж, зургаан цагдаа шархаджээ

Гүржийн парламент “гадаад агент”-ын гэгдэх хуулийн төслийг хэлэлцэж эхэлснийг эсэргүүцсэн 20,000 орчим хүн өнгөрсөн мягмар гарагаас эхлэн тус улсын нийслэл Тбилиси хотод жагссан. Гадаад улс орнуудын нөлөөг хязгаарлах зорилготой гэгдэж буй уг хуулийн төслийн эхний хэлэлцүүлэг өнгөрсөн мягмар гарагт болоход 150 суудалтай парламентын 83 гишүүн дэмжсэн байна.

Үүний дараахан олон мянган хүн Гүржийн парламентын ордны гадна жагсаж эсэргүүцлээ илэрхийлсэн бөгөөд тэднийг тараахаар олон зуун цагдаагийн алба хаагч дайчлагджээ. Энэ үеэр иргэд болон цагдаагийн алба хаагчдын хооронд мөргөлдөөн гарч 11 хүн, түүний дотор зургаан цагдаа эмнэлэгт хүргэгдсэн гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ. Мөн энэ үймээн самууны үеэр 63 хүн баривчлагдсан байна. Жагсагчид Гүржийн төрийн дуулал, Европын Холбооны бэлгэдэл болсон “Ode to Joy” аяыг тоглуулж, “Оросын хуульд үгүй гэж хэлцгээе!” гэсэн уриаг нийтээрээ хашхирчээ. Гүржийн дотоод хэргийн дэд сайд Александре Дарахвелидзегийн мэдээлснээр жагсагчид янз бүрийн зүйл ашиглан парламентийн ордон руу орохыг оролдож, цагдаа нар руу дайрч байжээ. Цагдаа нар мөн иргэдийг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашигласан байна.

Гүржийн Ерөнхийлөгч Саломе Зурабичвили уг хуулийн төслийг эсэргүүцэж байгаа ч түүний эрх мэдэл тус хуулийг хүчингүй болгох боломжгүй тул олон нийтийн сүлжээгээр дамжуулан жагсагчдыг тэвчээртэй байхыг уриалжээ. ОХУ-д хэрэгжиж эхэлсэн хуультай ижил төстэй ийм хууль батлагдвал эрх баригчид сөрөг хүчнийг нухчин дарах боломжтой болж, Европын Холбоонд элсэх үйл явцад саад учруулна гэж иргэд үзэж байгаа юм.