ВИДЕО: Гурван удаа ял шийтгэгдсэн Ж.Лхамрагчааг Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын даргаас чөлөөлөх нь ээ

ВИДЕО: Гурван удаа ял шийтгэгдсэн Ж.Лхамрагчааг Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын даргаас чөлөөлөх нь ээ

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газрын даргаар гурван удаа ял шийтгэгдсэн хүнийг томилсон талаарх мэдээллийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр дэлгэж, энэ асуудлыг олны анхааралд өртүүлсэн билээ.

Тодотговол, Ж.Лхамрагчаа нь

  • 2000 оны 9 сарын 18-ны өдөр 455 тоот Сүхбаатар дүүргийн Эрүүгийн шүүхээр эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэрэгт гэмт буруутайд тооцож 2 жилийн хорих ял, 
  • 2005 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 504 тоот шүүхийн тогтоолоор бусдын бие мах бодид хөнгөн гэмтэл учруулах хэрэгт гэм буруутайд тооцсон, 
  • 2009 онд Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэрээр бусдын бие мах бодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, ял шийтгүүлсэн байна.

Гэтэл тэрбээр Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газрын даргаар өнөөдөр /2021.12.21/ ч ажиллаж байгаа нь анхаарал татаж байгаа юм. Тиймээс энэ талаар Төрийн албаны зөвлөлөөс тодруулахад “Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газрын дарга Ж.Лхамрагчаатай холбоотой мэдээлэл Төрийн албаны зөвлөлд ирсэн. Энэ дагуу шалгалтын ажиллагаа явуулаад түүнийг ажлаас нь чөлөөлөх тухай албан шаардлагыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлэхээр болсон” гэсэн юм.

-Ж.ЛХАМРАГЧААГ ХЭН, ХЭРХЭН ТОМИЛОВ-

Ж.Лхамрагчааг Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020 оны зургаадугаар сарын 22-ны өдрийн 82 дугаар тогтоолоор Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газрын даргын албан тушаалд томилжээ. Өөрөөр хэлбэл Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга асан Э.Батбаяр түүнийг эл албанд томилсон байна. Ж.Лхамрагчаа нь төрд 21 дэх жилдээ ажиллаж байгаагаас УИХ-ын Тамгын газарт зургаан жил ажиллажээ.

Түүнийг эл албанд хуулийн дагуу томилсон хэмээж буй. Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2020 оны тавдугаар сарын 04-ний өдрийн 01/515 тоот албан бичгээр Төрийн албаны зөвлөлд арван шүүхийн Тамгын газрын даргын албан тушаалын сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлуулах захиалгыг хүргүүлснээр Төрийн албаны зөвлөлөөс 2020 оны тавдугаар сарын 18-ны өдөр удирдах албан тушаалын сонгон шалгаруулалт зарласан байна. Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журмын 7.2 дахь заалтад “... шалгалтаар хамгийн өндөр оноо авсан иргэнийг албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлнэ” гэж заасны дагуу Ж.Лхамрагчааг Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 210 дугаар тогтоолоор Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамгын газрын даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж, нэр дэвшигчийг тухайн албан тушаалд томилохыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргад санал болгосон аж.

Мөн Авлигатай тэмцэх газрын 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 05/6956 дугаартай “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг авах тухай” албан бичгээр Ж.Лхамрагчааг “… тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал одоогоор тогтоогдоогүй болно” гэсэн дүгнэлтийг ШЕЗ-д хүргүүлсэн байна. Эдгээрийг үндэслэн Ж.Лхамрагчааг Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамгын газрын даргын албан тушаалд Шүүхийн ерөнхий зөвлөл томилсон байна.

Нэг үгээр хэлбэл, Ж.Лхамрагчааг Төрийн албаны тусгай шалгалтаар хамгийн өндөр оноо авсан, ашиг сонирхлын зөрчилгүй гэх шалгуураар дээрх албанд томилсон байна.

Гэтэл тухайн хүн нь шүүхээр гурван удаа ял шийтгүүлж байсан ч үүнийг үл харгалзан Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газрын даргын албан тушаалд томилсон байгаа юм. Ямартай ч олны анхааралд өртөж, шүүмжлэл дагуулаад буй Ж.Лхамрагчааг чөлөөлөх тухай хүсэлтийг ТАЗ хүргүүлэх нь ээ.




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө