Монгол хэлгүй, УИХ-ын гишүүний хамаатан иргэдийг Баян-Өлгийн удирдлагад томилж байна гэх гомдол ТАЗ-д иржээ

Монгол хэлгүй, УИХ-ын гишүүний хамаатан иргэдийг Баян-Өлгийн удирдлагад томилж байна гэх гомдол ТАЗ-д иржээ

Өнгөрсөн долдугаар сард Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын удирдлагын бүтцэд өөрчлөлт оруулж шинэ даргыг томилсон. Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Баделханы худ н.Танатыг Цагдаагийн газрын даргаар, Онцгой байдлын газрын даргаар З.Азат гэх Т.Аубакир гишүүний хүргэнийг томилсон гэдэг.

Дээрх хоёр залуу нь мэдлэг боловсрол, ажлын туршлага дутмаг уг албан тушаалд тэнцэхгүй байж магадгүй боловч УИХ-ын гишүүний хамаатан, садан гэдгээрээ томилогдсон гэх шүүмжлэл Баян-Өлгийн иргэдийн дунд тухайн үедээ яригдаж байжээ.

-Т.АУБАКИР ГИШҮҮНИЙ ХҮРГЭН ДҮҮ З.АЗАТЫН ЭХНЭРИЙГ МСҮТ-ИЙН ДАРГААР ТОМИЛОХООР ЯРИГДАЖ БАЙНА-

Улмаар Баян-Өлгий аймагт амьдардаг Халх, Урианхай, Торгууд үндэстэн уг асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд /ҮАБЗ/ гомдол гаргаж, гомдлын дагуу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-ийн Нарийн бичгийн дарга Ж.Энхбаярыгаа өнгөрсөн наймдугаар сард /2021.08.25/ Баян-Өлгийд гурван хоног ажиллуулсан.

Ж.Энхбаяр таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ахалж очоод төрийн бүхий л удирдах албан тушаалтнуудтай уулзан төрийн байгууллагуудад ажиллаж нийт ажиллагсдын хэдэн хувь нь халх, хэдэн нь хувь казах болон бусад үндэстэн байгаа зэргийг судалж албан бичиг баримтаар тулгасан гэдэг. Мөн ажилчдыг алагчлалгүй байхыг анхааруулж, асуудал гомдол тасрахгүй бол албан тушаалтай чинь ярьж чадна шүү гэж сануулсан байдаг.

Цаашлаад “Баян-Өлгийд халх хүнийг ялгаварлан гадуурхдаг уу. Ажил, албан тушаалын хавчлага үзүүлж, дарамталсан тохиолдол бий юу” гэх санал асуулгыг ч иргэдээс асуусан гэж буй.

Тэгвэл уг асуудлаарх маргаан одоо ч тус аймагт үргэлжилж Төрийн албаны зөвлөл /ТАЗ/-д гомдол ирсэн гэх мэдээлэл эх сурвалжаас ирэв. Тодруулбал, УИХ-ын гишүүн Т.Аубакирын хүргэн З.Азат монгол хэл мэддэггүй, ажлаа хийж чаддаггүй бөгөөд Баян-Өлгийд хийгдэж буй удирдлагын түвшний томилгооны дийлэнх хувийг казахууд эзэлж байна гэх утгатай гомдлыг зарим иргэдээс Төрийн албаны зөвлөлд ирүүлжээ. Тус гомдолд тусгай хүчний байгууллагын даргаар казахууд тэр дунд Х.Баделхан, Т.Аубакир нарын ах дүү нарыг томилсныг эсэргүүцэж буйг дурдсан гэх мэдээлэл байна.

-ТАЗ:БАЯН-ӨЛГИЙН ХХҮГ-ЫН ДАРГЫГ ТОМИЛСОН
ШИЙДВЭР ХУУЛЬ ЗӨРЧСӨН-

Цаашлаад тус гомдолд казах томилгоо одоо ч үргэлжилж буй бөгөөд ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргын анхааруулга, сануулгыг ч үл тоож байгаа тул анхаарч өгнө үү гэсэн байна. Тодруулбал, Онцгой байдлын газрын дарга З.Азатын эхнэрийг Мэргэжилт сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/-ийн даргаар, Халамжийн газрын даргаар мөн өөр өндөр албан тушаалтны дүүг томилохоор бэлдэж буйг дурджээ.

Төрийн албаны зөвлөл Баян-Өлгий аймгийн иргэдээс ирүүлсэн энэхүү гомдлыг авч хэлэлцэж эхэлсэн бөгөөд энэ сарын 23-ны /2021.09.23/ өдрийн ээлжит хурлаараа Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар /ХХҮГ/-ын даргыг томилсон шийдвэр нь хууль зөрчсөнийг тогтоож, шийдвэрээ хүчингүй болгох хугацаатай үүрэг томилгоо хийсэн албан тушаалтнуудад өгчээ.

Энэ тухай мэдээллийг ЭНД дарж унших. 

Монгол Улсын Үндсэн хуульд, “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж заасан байдаг.

Тодруулбал, манай улсын нийт хүн амын 84,5 хувийг Халх үндэстэн эзэлдэг бол үүний дараагаар Казах үндэстэн 3,9 хувийг эзэлдэг байна.

Тэгвэл Монгол улсын баруун хязгаар болох Баян-Өлгий аймагт өдгөө 110 мянга гаруй иргэн аж төрөн амьдарч байгаагаас Казах үндэстэн 75,5 хувийг эзэлдэг байна. Мөн тус бүс нутаг Казахстантай хил залгаа бөгөөд тус улсын иргэд Баян-Өлгий аймагт түр оршин суух тохиолдол цөөнгүй байдаг. Энэ нь тус улсын соёл болоод ёс заншил, бодлого Казах үндэстэнд бага багаар уусаж орж ирэх хандлагатай тул Монгол улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын үед Баян-Өлгийн аймгийн төрийн тусгай чиг үүргийн байгууллагуудын удирдлагуудад Халх хүн томилж, барилгын цэргийн анги байгуулж, Монгол улсын үндэсний аюулгүй байдалд тодорхой хэмжээний бодлогыг явуулж байсан гэдэг.

Тус аймгийн ЗДТГ-ын алба хаагчдын ихэнхийг нь Казах иргэд эзэлдэг бөгөөд төрийн албаны шалгалтад тэнцэж, шаардлага хангасан Халх иргэдийг ажилд авдаггүй. Цаашлаад тэдэнд “цэргийн ангидаа очиж ажилла” гэж хэлдэг талаар ч эх сурвалжууд мэдээлдэг. Мөн аймгийн Боловсрол, соёлын газар, Эмнэлэг, Нийгмийн даатгалын хэлтэс, Нийгмийн халамжийн газар гэх мэт бүхий л албан байгууллагад УИХ-ын гишүүн Х.Баделхан болон бусад улс төрчдийнх нь ах дүү, хамаатан садангууд томилогдсон гэх мэдээлэл бий.