М.Энхчимэг: Жин дээр зогсоод 69 гэдэг тоог хараад өөрийн эрхгүй нулимс унагасан. Тийм л их хичээл зүтгэл, тэвчээр надаас гарсан

М.Энхчимэг: Жин дээр зогсоод 69 гэдэг тоог хараад өөрийн эрхгүй нулимс унагасан. Тийм л их хичээл зүтгэл, тэвчээр надаас гарсан

Зөвхөн охид, бүсгүйчүүд гэлтгүй илүүдэл жинтэй бүхий л хүний хувьд жин хасах гэдэг хүндхэн бөгөөд сэтгэл зовоосон асуудал байдаг. Тэгвэл хөл хорионы үеийг ашиглаж илүүдэл жинтэйгээ “тэмцэж”, 35 кг хасаж чадсан нэгэн бүсгүйн бичлэг хэд хоногийн өмнөөс цахим сүлжээгээр давлагаалж, олон хүнд урам зориг өгсөн билээ.

Түүнийг М.Энхчимэг гэдэг. Тэрээр бага хүүхдээ төрүүлснийхээ дараа 100 гаруй кг жинтэй болсон бөгөөд өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн жингээ хасахаар эрс шулуудаж, тууштай зүтгэсээр амжилтад хүрчээ. Бид түүнтэй ярилцаж илүүдэл жингээ хэрхэн хассан хийгээд жин хасахад юуг анхаарах хэрэгтэй гэх мэт арга туршлагаас  нь хуваалцлаа.

-ГЭРИЙН НӨХЦӨЛД Ч ИЛҮҮДЭЛ ЖИНГЭЭСЭЭ АНГИЖРАХ БҮРЭН БОЛОМЖТОЙ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫН ТУЛД Л БИЧЛЭГЭЭ ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭНД БАЙРШУУЛСАН-

-Хөл хорионы өдрүүдэд 35 кг хасаж чадсан бүсгүйн мэдээ сүүлийн үед цахим сүлжээг шуугиулж байна. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач.

-Намайг М.Энхчимэг гэдэг. Би жүжигчин мэргэжилтэй. 2001 онд СУИС-ийн жүжигчний ангийг төгсөж, UBS телевизэд зургаан жил ажиллаад хувийн бизнесээ эхлүүлсэн. Бичлэгийн тухайд “хөл хорионы үеэр гэртээ байсаар жин нэмж байна” гэж хүмүүс их ярих болсон шүү дээ. Тиймээс би нэг ч гэсэн хүнд урам зориг, сэдэл өгье гэж анх бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан юм. Цахим сүлжээнд нийтэлнэ гэж ерөөсөө бодоогүй. Зөвхөн өөртөө зориулж бичиж байсан болохоор шаардлага хангахгүй дүрс ч орсон байгаа. Завгүй амьдралын хэмнэлээсээ болж илүүдэл жингээсээ салж чадахгүй байгаа хүмүүст хөл хорионы өдрүүдийг ашиглан гэрийн нөхцөлд жин хасах бүрэн боломжтой юм шүү гэдгийг  харуулахын тулд бичлэгээ нийгмийн сүлжээнд байрлуулсан юм. Ийм их хандалт авна гэж ерөөсөө бодоогүй ээ.

-Хэдий хугацаанд жингээ хассан юм бэ?

-Илүүдэл жин миний хувьд насан туршийн л асуудал байсан. “Ус уухад л таргалдаг” гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Би яг тийм төрлийн хүн л дээ/инээв/. Бага хүүхдээ төрүүлөх үедээ би 100 гаруй кг жинтэй байсан. Ер нь төрөхөөрөө жин нэмчихдэг төрлийн хүн. Хувийн бизнес эрхэлдэг учраас маш завгүй, завгүйгээсээ болоод захиалгын калори өндөртэй хоол их иддэг байсан. Жин ихтэй байхдаа дасгал хийх талаар төдийлөн боддоггүй, яг маргаашаас эхэлнэ гэж хойш тавьсаар нэлээдгүй хугацаа өнгөрсөн. Ингээд л өнгөрсөн гуравдугаар сарын 27-оос эхлэн жингээ хасахаар гэртээ дасгал хийж эхэлсэн.

-Гэртээ хийж эхэлсэн гэхээр ямар төрлийн дасгалууд ихэвчлэн хийдэг байсан бэ?

-Гэрийн нөхцөлд дасгал хийх элдэв янзын тоног төхөөрөмж байхгүй учраас кардио дасгалууд хийж эхэлсэн. Кардио дасгалд аэробик, спиннинг, гүйлт гэх мэт хөлс гаргасан эрчтэй дасгалууд ордог. Миний хувьд аэробикийн дасгалуудыг ихэвчлэн хийдэг байсан. Бас гүйлтийн зам дээр эхэндээ алхаж, яваандаа гүйдэг болсон. Яагаад гэвэл жин ихтэй хүн шууд гүйж чадахгүй шүү дээ. Ийм л энгийн дасгалуудыг л ихэвчлэн хийсэн дээ. Хамгийн гол нь өдөр бүр тууштайгаар дасгалуудаа  хийдэг байсан нь жин хасахад хамгийн их нөлөөлсөн болов уу.

-Яг хэдий хугацаанд эхний үр дүнг өгсөн бэ?

-Эмэгтэйчүүд сайн мэдэх байх. Жин хасах үед хаван арилдаг учраас эхний үр дүн хурдан гардаг. Би эхний 60 хоногийн хугацаанд 25 кг-ийг хасчихсан байсан. Аажимдаа хийж байгаа дасгалууд бие организм маань дасал болж, жин хасалт удааширч эхэлсэн. Тэгэхээр түүнээс илүү хичээх хэрэгтэй болж байгаа юм. Сүүлдээ 200, 300 граммаар хассаар 11 дүгээр сар гэхэд 35 кг хасчихсан байсан. Ерөнхийдөө 70 кг-аас доош болоод ирэхээр өөхний хэмжээ багасаж, илүү эрч хүч шаардагддаг юм байна лээ.

-Жин хасахад дасгал хөдөлгөөн, нөгөөтээгүүр хооллолт маш чухал байх. Таны хувьд ямар нэгэн нууц, онцгой хоолны дэглэмтэй байв уу?

-Нууц гэх юм үнэхээр байхгүй ээ/инээв/.Би өөрөө хоол тэжээлийн чиглэлээр мэргэшсэн хүн биш болохоор энэ талаар нарийн зүйлсийг хэлж мэдэхгүй байна. Харин өөрийнхөө туршлагаас хэлэхэд нүүрс ус, өөх тосыг хоол хүнснээсээ шууд хасаагүй, тодорхой хэмжээгээр багасгаж 6:18-аар хооллож эхэлсэн. 6:18-аар хооллоно гэдэг нь хоногийн 24 цагийн зургаад нь хоолоо идэж, үлдсэн 18 цагт нь мацаг барихыг хэлж байгаа юм.

- БУСАД ХҮМҮҮСТ УРАМ ЗОРИГ ӨГӨХ ГЭЖ БИЧЛЭГЭЭ БАЙРШУУЛСАН. ГЭТЭЛ ЭРГЭЭД ӨӨРӨӨ МАШ ИХ УРАМ ЗОРИГ АВСАН-

-Гэнэт хооллолтондоо өөрчлөлт оруулахаар биед тань ямар нэгэн сөрөг өөрчлөлт гарав уу?

-Эхэндээ толгой эргэх, манарах, дотор муухайрах гэх мэт шинж тэмдэг илэрсэн. Өмнө нь шарсан, хуурсан, чихэрлэг гэх мэт дуртай хоолоо идэж байсан хүн чинь гэнэт эрүүл, зөв хооллоод ирэхээр биед өөрчлөлт тодорхой хэмжээгээр гарна шүү дээ. Гэхдээ би шууд хатуу дэглэм барилгүй аль болох аажим аажмаар биедээ дасал болгож хооллож эхэлсэн болохоор харьцангуй гайгүй байсан.

-Ихэнх эмэгтэйчүүд жин хаяна гэж хэлдэг ч замынхаа дундаас шантраад больчихдог, эсвэл таны хэлсэнчлэн маргааш, маргааш гэсээр хойшлуулж байдаг. Таны хувьд замынхаа дундаас буцах, шантрах үе байв уу?

-Мэдээж байлгүй яахав. "Ингэж таргалах даа яахав дээ Энхчимэг ээ" гээд л өөртэйгөө ярина. Заримдаа уйлах ч үе байлаа. Гэхдээ жин хассанаа хараад, урамшиж өөрийгөө зоригжуулдаг байсан. Илүүдэл жинтэйгээ тэмцэж байсан хүмүүс миний юу яриад байгааг сайн ойлгож байгаа байх.  Мэдээж 100 гаруй кг жинтэй болоод ирэхээр эмэгтэй хүний гоо сайхан талаас, бас эрүүл мэнд талаас нөлөөлж эхэлдэг. Тухайлбал, зүрхэнд ирэх ачаалал нэмэгдэж, даралт ихэсдэг болчихдог. Сүүлдээ даралтын эм хүртэл уудаг болсон. Тэгээд л “эрүүл мэндийнхээ төлөө өөрөө өөртөө цаг гаргая”, “одоо л биш бол хэзээ юм бэ” гэж шантрах бүртээ өөрийгөө хурцалдаг байсан.

-Та хооллолт эсвэл дасгалын тал дээр мэргэжлийн багшаас зөвлөгөө авсан уу.

-Би анх бүжгийн ангийн оюутан байсан юм. Тухайн үед маш идэвхтэй хөдөлгөөнтэй, олон цагийн бэлтгэлтэй байж байгаад үргэлжлүүлэн жүжгийн ангид орсон. Тэр үеэс жин нэмж 100 гаруй кг болсон доо. Үүний дараа 50 кг турж, тураах төвөө нээсэн юм. Би олон багштай байсан. Алтны дэргэд гууль шарлана гэгчээр багш нараасаа тухайн үед их зүйлийг сурсан. Үүний дараа 2008 онд анхны хүүхдээ төрүүлсний дараа дахин жин нэмж, 98 кг болсон. Гэсэн ч 40 кг хасаж, илүүдэл жингээ хаяж чадаж байлаа. Хамгийн сүүлд 2016 онд бага хүүхдээ төрүүлсний дараа дахин таргалсан. Харин одоо 35 кг хасаад байна. Энэ бүх зүйлийг өөрийн биеэр туулаад гарсан болохоор турах бүхий л процессыг маш сайн мэднэ. Тиймээс надад багшаас зөвлөгөө авах шаардлага байгаагүй.

-Таны ярианаас зөв хооллолт гэдэг үг олон удаа сонсогдлоо. Ер нь таны өмнө нь иддэг байсан хоол хүнс, одоо идэж байгаа хоол хүнс хоёрт ямар ялгаанууд гарсан бэ?

-Эрүүл зөв хооллолт гэдэг бол нүүрс ус, өөх тосоо тодорхой хэмжээгээр багасгаж, тэнцвэртэй хооллохыг хэлж байгаа юм. Зөв хооллолтыг дасгалтай хослуулснаар биед хуримтлагдсан өөх тос мэдээж шаталтад орно шүү дээ. Тиймээс жин хасна гэдэг бол хөдөлгөөн, зөв хооллолт гэдгийг сайн ойлгох нь чухал. Нүүрс ус, өөх тос, эслэг бүгд хүний биед тодорхой хэмжээгээр хэрэгтэй. Харин байх ёстой хэмжээнээсээ илүүдэхээрээ таргалалт мөн янз бүрийн өвчлөлийг үүсгээд байгаа юм. Би эхлээд өөр дээрээ зөв хооллолтыг туршиж, дараа нь гэр бүлээрээ эрүүл хооллодог болсон. Шарсан хуурсан хүнснээс татгалзаж, хоолныхоо ногоог ихэвчлэн жигнэж хэрэглэдэг, мөн цагаан гурилны өнгийг нь сольж хар, бүхэл үрийн гурил түлхүү хэрэглэх болсон. Үнэнийг хэлэхэд би гурилыг хоол хүнснээсээ ерөөсөө хасаагүй. Харин өнжиж хэрэглэдэг болсон. Тухайлбал, долоон хоногийн гурван өдөр нь л нүүрс ус бүхий гурилтай хоол хүнс хэрэглэх гэх мэтээр өөрчлөлт оруулсан. Өглөө өөрт хэрэгтэй бүх эрдэс бодисыг хангалттай хэмжээгээр авч, өдрийн хоолоо шатааж буй калориосоо бага байлгасан болохоор илүү их жин хасаж чадсан гэж бодож байна. Хэчнээн дасгал хийлээ ч өдөрт идэж буй хоол тэжээлийн калори нь их байвал илүүдэл өөх мэдээж хайлахгүй.

-Гэр бүлээрээ хооллолтондоо өөрчлөлт оруулсан гэж байна. Жин хасаж байхад тань гэр бүлийнхэн тань таны хамгийн том дэмжигч, урам зориг өгөгч нь болж байсан байх?

-Мэдээж миний хажууд үргэлж хань минь байсан. Заримдаа ядарч нэг өдөр дасгал хийхгүй өнжье гэхэд нөхөр маань “Миний хань чадна аа, хичээгээрэй” гэж үргэлж урамшуулж, зоригжуулж ирсэн. “Хань минь ингэж дэмжиж байгаа юм чинь би ч гэсэн хичээх хэрэгтэй” гэж их урамшдаг байлаа. Ер нь эмэгтэйчүүд гэлтгүй илүүдэл жинтэйгээ тэмцэж буй бүхий л хүмүүсийг жаахан л дэмжиж, урмын үг хэлэхэд маш их хүч ордог юм шүү. Тиймээс бие биедээ урам өгч байгаарай гэж хэлмээр байна. Жингээ хассан бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсны дараа маш олон хүмүүс эерэг сэтгэгдэл үлдээсэн байсан. Үүнээс бас маш их урам авсан. Би уг нь хүмүүст урам зориг өгөх гэж бичлэгээ байршуулсан шүү дээ. Гэтэл эргээд надад үнэхээр их урам, хүч өгсөн.

-ТАРГАН БАЙХДАА ЯМАР АМЬДРАЛЫН ХЭМНЭЛТЭЙ БАЙСАН
ТҮҮНИЙГЭЭ Л ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ-

-Их хэмжээгээр жин хасахад яалт ч үгүй тулгардаг нэг асуудал бол арьс унжилт байдаг. Таныг харахад ерөөсөө тийм асуудалгүй харагдаж байна. Арьс унжих асуудлаа хэрхэн зохицуулсан бэ?

-Мэдээж арьсны бүрхүүл доор байсан өөх хайлсны дараа арьс унжиж, суларна. Арьсаа сулруулахгүй байх ганц найдвартай арга бол дасгал. Хоолоо сойж хассаны дараа арьс унжиж, ядруухан харагддаг. Харин дасгал, идэвхтэй хөдөлгөөнөөр турсан хүмүүс эсрэгээрээ маш эрч хүчтэй, арьс нь ч толигор харагддаг. Яахав тодорхой хэмжээгээр сулрах нь бий. Гэхдээ цаг хугацааны эрхэнд эргээд хэвийн байдалдаа орно гэж бодож байна. Мэдээж арьс арчилгаа бас чухал нөлөө үзүүлнэ.

-Асуудал гэснээс турсны дараа хувцас таарахаа больдог шүү дээ. Магадгүй өмнөх хувцас нь томдох үед нөгөө талаар эмэгтэйчүүдэд баярлах шалтгаан нь болдог. Таны хувьд ямар байсан бэ?

-Би өөрөө гангалах дуртай, хувцасны хоббитой хүн гэх үү дээ. Гэтэл таны хэлдгээр бүх хувцас маань томддог болж, бүгдийг нь сольсон. Хүн турахаар хүний хөл хүртэл жижгэрчихдэг юм байна лээ. Би урьд нь 38 размер өмсдөг байсан бол турсны дараа 37 өмсдөг болсон.

-Цаашид энэ хэвээрээ жингээ хасах уу. Ер нь хэдэн кг жинтэй болно гэж зорилго тавьсан бэ?

-Дахиад 6-7 кг хасвал яг хэвийн хэмжээнд буюу ямар ч илүүдэл жингүй болно. Энэ 6 кг-ийг мөн л урьдын адил дасгал, хөдөлгөөн хооллолтоор хасна гэж бодож байгаа.

-Таны мэргэжлийн талаар ярилцъя. Хэзээнээс жүжигчний мэргэжлээр ажиллах болсон бэ?

-Яг жүжигчний мэргэжлээрээ дагнаж ажиллаагүй ээ. Харин дүрийн санал ирэх үед хүлээн авч тоглодог. Гол дүр бүтээсэн уран бүтээл гэвэл 25-р суваг телевизийн “Ханилснаас илүү амраг” олон ангит кино. Тэр үед би хүүхдээ төрүүлээд удаагүй байсан. Киноны зураг авалтын дундуур 40 гаруй кг жин хасаж байсан. Сайн ажиглавал зарим анги дээр нь нэлээн мярайлаг, зарим дээр нь турчихсан байгаа. Цаашдаа мэдээж дүрийн санал ирвэл хүлээн авна гэж боддог. Хүний эзэмшсэн мэргэжил гэдэг насан туршийнх байдаг шүү дээ.

-Ер нь 30 байтугай гурван кг жин хасахад л өөрөөрөө бахархах мэдрэмж төрдөг. Таны хувьд 30 гаруй кг хасаад өөрийгөө толинд харахад ямар мэдрэмж төрж байв?

-Хичээл зүтгэл, тууштай хөдөлмөрийн маань үр дүн толинд харахад л мэдрэгдэж байсан. Хувцас томдож, шинээр авах үед л “Нээрээ би турчихсан байна. Би чадчихсан байна” гэсэн бодлууд орж ирдэг. Жин дээр гарч зогсоод 69 гэдэг тоог хараад би өөрийн эрхгүй нулимс унагасан. Тийм л их хичээл зүтгэл, тэвчээр гарсан гэсэн үг шүү дээ. Тэр мэдрэмж үнэхээр гоё байсан. Таны хэлснээр гурван кг хасахад өөрөөрөө бахархдаг бол тэр мэдрэмжийг хэд дахин илүү нугалсантай тэнцэх бахархал, сайхан мэдрэмж төрж байлаа. Хүн хөдөлвөл хөдөлмөрийнхөө үр шимийг амсдаг гэдгийг хамгийн сайн ойлгосон.

-Жин хасна даа гэж дотроо бодсоор л явдаг олон хүн байдаг. Таны туршлагаас харахад илүүдэл жингээ хасахад яг юунаас эхлэх хэрэгтэй юм бол?

-Над руу өдөрт маш олон хүн цахимаар холбогдож энэ талаар асууж байгаа. Чадахаараа хариулахыг хичээж байгаа ч заримд нь үнэхээр хариу өгч амжихгүй байна /инээв/. Жин хасахад юун түрүүнд сэтгэл зүйгээ л бэлдэх хэрэгтэй. Би юу ч байсан шантрахгүй гэж маш сайн ухамсарлах хэрэгтэй. Жин хасна гээд учир зүггүй хоолоо хасаж яасан ч болохгүй. Та тарган байхдаа ямар амьдралын хэмнэлтэй байсан, түүнийгээ л өөрчлөх хэрэгтэй. Гэхдээ түрхэн хугацаанд хэрэгжүүлээд мартдаг биш, үр дүн гартал, урт хугацаанд хэвшил болгох хэрэгтэй юм шүү. Хааяа нэг баяр ёслолд явах, гэр бүлийнхэнтэйгээ гадуур гарах гэх мэт тохиолдол гарна. Ийм зүйл амьдралд мэдээж байж болно. Хамгийн гол нь цаашдаа тэр зөв амьдралын хэмнэлээ алдагдуулахгүй үргэлжлүүлэх хэрэгтэй гэж хэлмээр байна.