Дэлхийн хамгийн гүн усан бассейн маргааш нээгдэнэ

Дэлхийн хамгийн гүн усан бассейн маргааш нээгдэнэ

Дэлхийн хамгийн гүн усан бассейн Польш улсад нээгдэх гэж байна. Тус усан бассейн нь 45 метр гүн бөгөөд нийт 8 мянган шоо метр усыг багтаасан аж. Энэ нь энгийн усан сангаас 20 дахин их үзүүлэлт юм. Усан бассейныг хоёр жилийн турш барьсан бөгөөд нийт 10,6 сая ам долларын өртгөөр бүтжээ. Бүх түвшний шумбагчдад зориулсан сургалт, дадлагын газар болгохоор төлөвлөгдсөн уг усан сангийн ёроол хэсэгт сүйрсэн усан онгоц, агуй, мөн далайн нүх суурилуулсан байна. Ингэснээр тухайн хүнийг далайн гүнээр аялаж буй мэт мэдрэмжийг төрүүлэх гэнэ. 

Усан сангийн ёроол хэсэг

Польшийн шумбалтын багш Пржемислав Качпрзак AFP агентлагт өгсөн ярилцлагадаа “Энд гайхамшигтай загас, шүрэн хад байхгүй тул тэнгисийг орлож чадахгүй. Гэхдээ далайн гүнд аюулгүй шумбахыг зааж сургахад тун тохиромжтой газар болно. Доор нь шумбагчдад зориулсан үзмэрүүд бий бол уснаас гарахад дээд зэрэглэлийн зочид буудлууд таныг угтах болно” гэжээ. 

Польшийн Мсзцонов хотод байрлах тус усан бассейн нь маргааш буюу 12 дугаар сарын 14-ны өдөр нээлтээ хийх юм. Хэдий Польшид коронавирусийн халдвар нэмэгдэж буй ч нээлтийн үйл ажиллагаа хийх зөвшөөрөл олгожээ. 

Усан сангийн план зураг

Саяхныг хүртэл Италийн Венецийн ойролцоох Миллепини зочид буудалд байрлах 42 метрийн гүн “Y-40 Deep Joy” нь дэлхийн хамгийн гүн усан бассейн байсан юм. Харин маргааш Польшийн усан бассейн “Deepspot” цолыг хүртэх нь. Үүнээс гадна Английн Колчестер хотод 50 метрийн гүнтэй “Хөх ангал” хэмээх бассейн баригдаж буй. 

Эх сурвалж: CNN