Ливаны шинэ Ерөнхий сайдаар тус улсаас Германд суугаа Элчин сайд Мустафа Адибыг томилжээ

Ливаны шинэ Ерөнхий сайдаар тус улсаас Германд суугаа Элчин сайд Мустафа Адибыг томилжээ

Өчигдөр /2020.08.31/Ливаны шинэ Ерөнхий сайдаар тус улсаас Герман улсад суугаа Элчин сайд Мустафа Адибыг томиллоо. Өмнө нь Ливаны Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байсан дөрвөн хүн болон Ерөнхийлөгч Мишель Аун М.Адибыг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.

Хууль зүй, улс төрийн шинжлэх ухааны чиглэлээр докторын зэрэг хамгаалсан М.Адиб Ливанаас Германд суугаа Элчин сайдын үүргийг 2013 оноос хойш гүйцэтгэж байгаа. Мөн тэрбээр өмнө нь Ерөнхий сайд асан Нажиб Микатийн зөвлөхөөр ажиллаж байжээ.

Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон тус улсад хоёр дахь удаагаа айлчлахаас өмнөхөн дээрх томилгоог хийсэн байна. Францын Ерөнхийлөгч Макрон шинэ Ерөнхий сайдад аль болох хурдан Засгийн газраа шинээр байгуулахыг уриалжээ. Ливаны эрх мэдэл хуваарилах тогтолцооны дагуу Ерөнхий сайд Лалын шашны Суннит урсгалыг шүтдэг хүн байх ёстой аж. Ливаны Засгийн газар Бейрутын боомтод хууль бусаар хадгалагдаж байсан аммонийн нитратаас үүдэлтэй дэлбэрэлт болсны дараа огцорсон билээ.

Эх сурвалж: CNN