Ж.Сүхбаатар: Би их тайван байгаа. Автобусны мөнгө алга болоогүй /LIVE/

Ж.Сүхбаатар: Би их тайван байгаа. Автобусны мөнгө алга болоогүй /LIVE/

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх шаардлагын хүрээнд 2023 онд худалдан авсан "Ногоон автобус"-ны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий түр хороо байгуулагдаж, даргаар нь УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ажиллаж байгаа билээ.

Тус түр хорооны сонсгол энэ удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаанд амжиж болох эсэх нь тодорхойгүй байгаа юм. Тус Түр хороо өчигдөр /2024.04.30/ ээлжит хуралдаанаа хийх байсан ч ирц хүрээгүй гэх шалтгаанаар хуралдаагүй байна.Уг сонсголд гэрчээр дуудагдах, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатараас зарим зүйлийг тодрууллаа. 

Тэрбээр "  "Ногоон автобус"-ны хэргийг шүүхээр хэлэлцэж эхлэхтэй зэрэгцэн сонсгол зохион байгуулах нь буруу. Бусад улс оронд ч зэрэгцүүлдэггүй. Гэхдээ бүр хориглохоор байсныг нь би нээж өгсөн. Уг нь бол "Ногоон автобус"-ны гэх хохирлыг ярих ёстой. 4 тэрбумын хохиролтой гэж яриад байна. Тийм зүйл байхгүй шүү дээ. Автобусны мөнгө хаачсан гэж хүмүүс асууж байна. Тэгвэл гадуур явж байгаа хар автобусуудыг миний гаргасан бодлогын хүрээнд оруулж ирсэн юм. Би сайдаар ажиллаж байхдаа худалдан авалтыг нь хийчихсэн байсан. Бүх ажил нь бүтэлгүйтээгүй.. 20 ногоон автобус гэж яриад байгаа. Гэхдээ яг 20 ч биш юм. Худалдан авалтын хүрээнд сонсгол хийх гэж байгаа нь учир дутагдалтай гэж би бодож байгаа. Би төсвийн ерөнхийлөн захирагч л байсан болохоос худалдан авах ажлыг нь зохион байгуулаагүй. Одоо ч манай сайд нар аймаг, нийслэлийн Засаг дарга нарт эрхээ шилжүүлдэг шүү дээ. Тэнд ямар нэгэн зөрчил гаргахад сайд нар нь дуудагддаггүй шүү дээ. Намайг гэрчээр дуудвал очиход бэлэн. Автобусны мөнгө алга болчихоогүй. Та нар гудамжинд гараад хар. Шинэ автобусууд явж байгаа биз дээ. Би яг ямар буруутай юм. Гэрээнд заасан техникийн үзүүлэлтийг хангаагүй 20 автобусыг хүлээн ав гэсэн үүргийг өгсөн гэж намайг буруутгаж байгаа. Үүнийг нотлох ёстой. Би их тайван байгаа. Гэрчийн мэдүүлэг бусад баримтаар нотлогдоно. Мөнгө алга болоогүй. 20 автобусны хөнгийг Солонгосын талд өгчихсөн. Хохиролгүй болгох ажлыг одоо хийж байгаа" гэсэн юм.