УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав өөрийн цахим хуудсаараа дамжуулан X Богдтой холбогдуулан улс төрийн элдэв дайралт, шахалт гэр бүлд нь ирж буй асуудлаар тайлбар хийлээ.
Тэрбээр "Сүүлийн үед манай гэр бүл рүү ирж буй улс төрийн олон дайралтуудын шалтгаан нь X Богдоор тодорсон миний хүүтэй холбоотой байж. Тайлбарлаж хэлэхэд, Манай гэр бүлд X Богдын хойд дүр тодорсон нь өндөр үүрэг, хариуцлагатай болсон. Энэ асуудал анх 2015 онд Далай лам манай улсад айлчлахдаа X Богдыг зарласантай холбоотой юм. Тухайн үед бид хүлээж авахад маш хүнд байсан. Хүүхдүүд маань нялх байсан. Манай гэр бүл ч 6, 7 жил ийм асуудалд яаж хандахаа мэдэхгүй тэвчиж, хадгалж, аль болох энэ асуудал битгий ил гараасай гэж бодсон ч дарагдаж болдоггүй хэцүү асуудал юм билээ.
Хүүг маань 2023 оны гуравдугаар сард Дарамсалад Далай багш зарласнаас хойш нийт олон түмэн мэдсэн. Манай гэр бүлийн хувьд хүүгээ сургаж, боловсорч, бусдын адил мэргэжил эзэмшүүлж хичээх үүрэг хариуцлага байсан. Гэтэл энэ асуудлаас болж манай гэр бүлд улс төрийн маш олон гүтгэлэг, дайралтууд явж байгаа нь тодорхой байна. Энэ бол Монголчуудын маань оюун санаа, сэтгэл зүрхэнд байдаг хамааралтай зүйл. Хүндэтгэлтэй хандах ёстой зүйл учраас энэ гэр бүлийн буруугаас болоод ч гэдэг юм уу бидний санаачилгаар болсон зүйл гэж бодож болохгүй юм.
Бурханы шашны ийм том зүйл нь зөвхөн бидний асуудал биш. Бид зөвхөн дэмжиж, туслах үүргээ л биелүүлэх гэж чармайж байна. Үнэхээр хүнд хэцүү олон талын дарамттай асуудал байдаг гэдгийг ам нээж хэлье. Түүнээс биш бид өндөр албан тушаал авч, өндөр сэнтийд суух гээд зүтгээд байгаа зүйл огт биш. Та бүхний л адилаар хүүхдүүдээ эрүүл өсөөсэй, дуртай мэргэжлээ сонгоосой, ард иргэдийнхээ адил амар амгалан л байгаасай гэж боддог энгийн л нэг гэр бүл. Тиймээс биднийг ойлгож дэмжээсэй гэж нийт ард түмнээсээ хүсэж байна" гэжээ.