Япон улсын шинэ ерөнхий сайдаар Ишиба Шигэрү томилогдох өндөр магадлалтай байна

Япон улсын шинэ ерөнхий сайдаар Ишиба Шигэрү томилогдох өндөр магадлалтай байна

Баасан гарагт Япон улсын ерөнхий сайд Шинзо Абэ эрүүл мэндийн шалтгаанаар албан тушаалаасаа огцрох болсноо зарласан билээ.

Тэгвэл эрх баригч Либерал Ардчилсан Нам дараагийн удирдагчаа сонгох чуулганыг есдүгээр сарын 14-нд товложээ. Намын шинэ дарга нь Япон улсын шинэ ерөнхий сайд болох юм. Одоогийн байдлаар Либерал Ардчилсан Намын шинэ удирдагчаар сонгогдох боломжтой дөрвөн хүний нэр яригдаж байна. Тэдний тэргүүн эгнээнд батлан хамгаалахын сайд асан, Абэ Шинзогийн бодлогыг хүчтэй шүүмжлэгчдийн нэг Ишиба Шигэрү яригдаж байгаа юм. Түүний дараа одоогийн батлан хамгаалахын сайд Коно Таро, засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Суга Ёшихидэ, Либерал Ардчилсан Намын бодлогын хэлтсийн дарга, гадаад хэргийн сайд асан Кишида Фумио нарын нэр яригдаж байна.

Никкей сонины газраас зохион байгуулсан санал асуулгаар Ишиба 28 хувь, Коно 15 хувь, Суга 11 хувийн дэмжлэг авжээ. Харин Кишидаг олон нийт төдийлөн дэмжихгүй байна. Гэхдээ нам дотрох фракцуудын дэмжлэгийг хамгийн их авах магадлалтай нэр дэвшигч нь Суга гэж ажиглагчид дүгнэжээ.