ВИДЕО: Монгол хэл, бичгээ өмөөрөн үг хэлсний төлөө н.Чимэддоржийг ажлаас нь халжээ

ВИДЕО: Монгол хэл, бичгээ өмөөрөн үг хэлсний төлөө н.Чимэддоржийг ажлаас нь халжээ

БНХАУ-ын Коммунист намын шийдвэрээр Өвөр Монголын Өөртөө Засах орны зарим сургуулиудад монгол хэлээр хичээл орохыг хориглож, хүүхдэд нэгдүгээр ангиас нь эхлэн хятад хэл заах, хятад хэлээр хичээл орох шийдвэр гаргасан. Тодруулбал БНХАУ-ын Засгийн газар энэ намрын хичээлийн шинэ жилээс эхлэн ӨМӨЗО-нд монгол дунд, бага сургуульд “Хос хэлний сурган хүмүүжил” хэмээх нэрийн дор монгол хэлээр орох хичээлүүдийг зогсоон Хятад хэлээр голлосон сурган хүмүүжлийн системийг хэрэгжүүлэх шийдвэр гаргасан юм.

Энэхүү шийдвэр гарсан даруйд Өвөр монголчууд эсэргүүцэн, нийгмийн сүлжээнд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, багш, зохиолчид “Өвөр монголын сургуулиудад Монгол хэлийг нь буцаан өгнө үү” гэсэн уриалга бүхий бичлэгийг цахим орчинд түгээж эхлээд байна. Мөн хэл судлаач, эрдэмтэн докторууд ч эсэргүүцэж байр сууриа илэрхийлсээр. Тэдний нэг нь Монгол судлалын төвийн захирал н.Чимэддорж. Гэтэл түүнийг монгол хэлээ авч үлдэхийг уриалсны төлөө ажлаас нь халсан хэмээн баттай эх сурвалж мэдээллээ.

Тэрээр нийгмийн сүлжээнд байрлуулсан бичлэгтээ “Манай Өвөр Монгол өөрийн гэсэн сурган хүмүүжүүлэх системийг бий болгосон. 70 жилийн хөгжилтийн дагуу бүх улсдаа үндэсний бүлгэмдэл, нягтралын талаар маш сайн жишээч хувилбар гаргасан. Тийм болохоор энэ сурган хүмүүжүүлэх системийг дахин өөрчлөх шаардлага байхгүй. Харин улам сайн төгөлдөржүүлэх хэрэгтэй. Хятад, монгол хэлний нэгийг нь чухалчилж, нөгөөг нь дарж болохгүй. Хятад хэлийг чухалчлан монгол хэлийг дарвал манай Монгол соёл устана шүү дээ. Маш их аюултай...Бид заавал өөрийн үндэстнээ авч үлдэх хэрэгтэй. Энэ том улсын дотор өөрийн байр суурьтай байх хэрэгтэй...

Манай Өвөр монголд хятад монгол хэлийг хосолсон сурган хүмүүжлийг явуулна гэсэн мэдээ шуугиан тарьж, олон хүн зовж байна...Мөн үндэстний соёлд маш их хохирол үзүүлнэ гэж олон хүн санаа зовж байна...

Хэлийг өөрчлөх дээрээ тулбал заавал олон түмний саналыг хураах хэрэгтэй. Хэрэв өөрчилбөл манай үндэстний соёлын үндсийг гэмтээх аюул учирна.

Олон хүн эсэргүүцэх нь лавтай. Манай Өвөр монголд 460 гаруй түмэн монгол хүнтэй гэдэг. Энэ дотроос бараг гуравны хоёр нь хэлээ алдсан. Зарим хошуу, нутаг аль хэдийн монгол хэлээ алдсан. Хотод олон жил амьдраад ирэхээр залуучууд хятад хэлээр ярьж, монгол хэлээ мартаж эхэлдэг. Одоо нэг сая гаруйхан монголчууд монголоор ярьж, тэсч байна. Бидний  өмнө тулгарч буй асуудал бол яаж үндэстнийхээ бичиг үсэг,  хэл, соёлоо хадгалж, хөгжүүлэх вэ гэдэг асуудал. Монголоор сурч буй хүүхдүүд улам цөөн болсон. Хөдөө нутагт монгол хүний тоо маш цөөрч байна. Ялангуяа хүүхдийн тоо маш цөөрсөн нь манай монгол үндэстний соёл маш хэцүү байдалд орсныг харуулж байна. Ийм байхад хятад хэлийг чангатгаж монгол хэлийг сулруулбал монгол хэл мөхөх аюулд орно шүү. Бидэнд хэл усаа алдах аюул тулгарч байна” хэмээн ярьжээ. Бичлэг цацагдсан даруйдаа устгагдсан бөгөөд бүтэн бичлэгийг зарим хүн хадгалан авсан тул усталгүй үлдсэн байна.