"Тод каннам" эмнэлгийн захирлыг цагаатгаж, мэс засал, мэдээгүйжүүлэгчийн эмч нарт 3 жилийн ял оноожээ

"Тод каннам" эмнэлгийн захирлыг цагаатгаж, мэс засал, мэдээгүйжүүлэгчийн эмч нарт 3 жилийн ял оноожээ

Одоогоос 5 жилийн өмнө буюу 2019 оны дөрөвдүгээр сард Хан-Уул дүүрэгт байрлах "Тод каннам" гоо сайхны эмнэлэгт өөх соруулах мэс засалд орсны улмаас 29 настай эмэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Хохирогчийн аав Б.Гүндсамбуу, “Миний охин ямар нэгэн суурь өвчингүй, ид хийж бүтээх насан дээрээ байсан. Охин маань нас бараад есөн сар өнгөрч байхад бид хуулийн байгууллагад итгэж дуугүй суусан. Гэтэл уг хэрэгт буруутай гэж тус эмнэлгийн хоёр эмчийг л хэрэгт татсан байна. Тэр хоёр хүний ард “Тод Каннам” эмнэлэг байгаа. Эмнэлэг гэсэн үүднээс миний охин итгэж үйлчлүүлсэн. Тиймээс хэргийн буруутанг эмнэлгийн удирдах албаныхныг гэж үзэх нь зүйтэй” хэмээн 2020 онд мэдэгдэл хийж байв. 

Тэгвэл тус хэргийг 5 жилийн дараа буюу өнгөрсөн хоёрдугаар сар /2024.02/-д шүүхээр шийдэгдсэн байна. Тус хэрэгт "Тод каннам" эмнэлгийн захирал, мэс заслын эмч, мэдээгүйжүүлэгч эмч гэсэн гурван хүнийг буруутган, шалгасан байна. Ингээд "Тод каннам" эмнэлгийн захирлыг цагаатгаж, мэс засал болоод мэдээгүйжүүлэгч эмч гэсэн хоёр иргэнд 3 жилийн хорих ял оноосон байна.  

Ингэхдээ тэдэнд оноосон 3 жилийн ялыг өршөөлд хамруулж 1.6 жил болж багассан байна.

Шүүх эмнэлгийн дүгнэлтээр “хохирогч нь өөх соруулах мэс засалд орсны улмаас тархины хатуу хальсны хөндийнүүдийн бүлэнт бөглөөдөс үүсэж тархины комад орж нас баржээ” гэжээ. Учир нь гоо сайханы мэс заслын үеэр нугасанд мэдээ алдуулах байсан ч, мэдээгүйжүүлгийн түвшин дээшлэхгүй, үйлчлүүлэгч өвдөлт мэдрээд байсан тул эмч, үйлчлүүлэгчид ярилцаж байгаад бүтэн унтуулга хийхээр болсон байна. Ингээд мэс засал дуусах явцад үйлчлүүлэгчийн зүрх зогсжээ.

Энэ үеэр дадлагажигч эмчээр ажиллаж багаж бэлдэж өгдөг байсан гэрч мэдүүлэгтээ “Эмч гэнэт зүрх зогсчихсон юм биш үү” гэсэн. Ингээд тог цохиулж зүрх сэргээх ажиллагаа хийсэн. Зүрх сэргэсэн боловч өөрөө сэрээгүй учраас Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эрчимт эмчилгээнд хүргэсэн” гэжээ. Иймд эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэж шүүх үзсэн талаар эх сурвалж мэдээлжээ. Иймд иргэд та бүхнийг анхаарал болгоомжтой байж, болзошгүй аюулаас өөрийгөө болоод бусдыг хамгаалж байхыг сэрэмжлүүлж энэхүү мэдээллийг нийтэллээ.