Л.Баттогтох: Дорноговьд амиа алдсан 12 настай охины ээжийнх нь сэтгэл санааны хохирлыг ЗГ-ын тусгай сангаас гаргуулах хүсэлтэй байна

Л.Баттогтох: Дорноговьд амиа алдсан 12 настай охины ээжийнх нь сэтгэл санааны хохирлыг ЗГ-ын тусгай сангаас гаргуулах хүсэлтэй байна

Өнгөрсөн аравдугаар сард Дорноговь аймгийн Сайншанд суманд 12 настай охин сураггүй болж, улмаар Г.Гантулга гэгч нь такси үйлчилгээ үзүүлэх нэрийдлээр машиндаа суулган авч явж, амийг нь хөнөөсөн ноцтой хэрэг гарсан. Хэргийг үйлдсэн Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оноосон юм.

Өнөөдөр талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтох мэдээлэл хийлээ. Тэрээр 2022 оноос эхлэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль үйлчилж байна. Энэ хүрээнд хохирогчийн оршуулгын зардлыг тухайн сангаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Харин сэтгэл санааны хохирлыг тусгай сангаас гаргах боломжгүй болоод байгаа юм. Тусгай сангийн тухай хуульд сэтгэл санааны хохирол гэдэг асуудлыг гаргаж ирэх хэрэгтэй байна. Бүх насаараа хорих ял эдэлж буй цөөн тооны ялтан байдаг. Хохирогчийн эрх зүйн байдлыг дээшлүүлэх зорилгоор энэ заалтыг нэмж оруулах шаардлагатай байна. 

Дорноговь аймгийн 12 настай талийгаач охины хувьд сэтгэл санааны хохирлыг төлүүлэхээр болсон. Ингэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлнэ гэсэн заалт бий. Үүн дээр насжилтын асуудлыг давхар тооцсон. Өөрөөр хэлбэл Дорноговь аймагт дундаж насжилт 72 бөгөөд энэ хугацааны мөнгийг давхар тооцуулсан буюу 182 сая гаруй төгрөгийг сэтгэл санааны хохиролд ялтан Г.Гантулгаас гаргуулах шийдвэр гарсан. Гэтэл бүх насаараа хоригдож буй ялтан энэ хохирлын төлбөрийг төлөх боломжгүй. Иймд тусгай сангаас сэтгэл санааны хохирлын төлбөрийг гаргуулах байр суурьтай байна. Бид сэтгэл санааны хохирлын төлбөрийг ялтнаас гаргуулна гэсэн цаастай л үлдлээ” гэж мэдээллээ.

 

 




Өнөөдөр морь өдөр

37 минутын өмнө