"Намын бүлгээс сонгогдсон хэдхэн УИХ-ын гишүүн үг хэлдэг" болох зэрэг Үндсэн хууль зөрчсөн Дэгийн хуулийг Н.Энхболд нар боловсруулжээ

"Намын бүлгээс сонгогдсон хэдхэн УИХ-ын гишүүн үг хэлдэг" болох зэрэг Үндсэн хууль зөрчсөн Дэгийн хуулийг Н.Энхболд нар боловсруулжээ

2023 оны тавдугаар сарын 31-ний өдөр Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг бүхэлд нь өөрчлөн найруулж, УИХ нь нэг танхимтай, 126 гишүүнтэй болж, ирэх зургаадугаар сард болох сонгуулийг холимог тогтолцоогоор буюу 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн аргаар сонгохоор тогтсон. Энэ дагуу томсгосон тойргоор сонгууль явуулж, гишүүдийн тоог нэмж эрх мэдлийг багасгаж, олон намын тогтолцоотой болгоно хэмээн тодотгосон ч үнэн хэрэгтэй эрх баригч намынхан өөрсдөдөө давуу байдал бий болгож, үндсэн хуулиа зөрчсөн хэд хэдэн агуулгыг шигтгэжээ.

-НАМ, ЭВСЛИЙН БҮЛГҮҮД ХУУЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ, ҮГ ХЭЛЭХЭЭР СОНГОГДСОН ХЭДХЭН ГИШҮҮН Л УИХ-Д ҮГ ХЭЛДЭГ БОЛНО- 

Гишүүдийн тоо нэмэгдэж 126 болохтой холбоотойгоор УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулинд өөрчлөлт оруулж, шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн Н.Энхболд, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн нар өргөн барьж баталсан. Нямаагийн Энхболд гишүүн нь УИХ-ын гишүүнээр тасралтгүй таван удаа Төв аймгаас сонгогдсон ба 25 жил парламентад суусан. Харин Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн нар сүүлийн хоёр парламентад гишүүнээр сонгогдон ажиллаж буй туршлагатай гишүүд юм.

Энэхүү хуульд зааснаар бүлгүүд хуулийг хэлэлцэнэ. Улмаар тухайн нам эвсэл, бүлгүүд хуваарилагдсан хугацаанд багтаан асуулт асуух ба үг хэлж, асуулт асуух төлөөллийн гишүүдийн нэрсийг хуралдааны өмнөх өдрийн 16:00 цагаас өмнө хуралдаан даргалагчид мэдүүлнэ гэж заажээ.

Энэ нь нам доторх зарчмын зөрүүтэй саналтай гишүүд болон УИХ дахь цөөн гишүүдтэй намуудын үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зөрчиж, төлөөллийн ардчиллыг бууруулах агуулгыг багтааж байна. Учир нь үг хэлэхдээ аливаа гишүүн зайлшгүй бүлгийн зөвшөөрөлтэй байна гэсэн үг. Нэг үгээр хэлбэл Үндсэн хуулийн 3.1-т заасан ард иргэд сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа дамжуулан төрийн үйл хэрэгт шууд оролцоно гэсэн заалтын эсрэг зааж, гишүүдийн үзэл бодлыг намын үзэл бодлоор хязгаарлана гэсэн үг. Бүлгээс нэр өгөхгүй л бол үг хэлж болохгүй. Бүлгийн гишүүд бүлэг дотроо нээлттэй үг хэлэх боломжтой гэх боловч бүлгийн хурал хаалттай явагдана. Иймд иргэдийг төлөөлж УИХ-д суусан гишүүнийг хэрхэн ажиллаж буйг иргэд хянах, тухайн гишүүн төлөөлөх үүргээ хэр биелүүлж байгааг иргэд мэдэх боломжгүй болох юм.

-УИХ-Д 12 БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ГИШҮҮН СОНГОГДСОН БОЛ БҮЛЭГ БАЙГУУЛАХ ЭРХТЭЙ БАЙНА-

Түүнчлэн нам эвслүүд найман гишүүнтэйгээр бүлэг байгуулдаг байсан бол үүнийг УИХ-ын дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нийт гишүүдийн суудлын 10 хувьтай тэнцэх тооны гишүүдтэй байвал бүлэг байгуулна заажээ.

Өөрөөр хэлбэл 12 ба түүнээс дээш гишүүнтэй байж байж л бүлэг байгуулж, УИХ-д үг хэлэх боломжтой болох аж. Аль нэг нам, эвслийн бүлэгт харьяалагдаагүй бол тус бүр 2 хүртэлх гишүүн 4 минутаас илүүгүй хугацаагаар  индер дээрээс үг хэлнэ гэж тусгажээ.

Сонирхуулахад, Бүлэг байгуулах босго нь олон улсын жишгээр нийт УИХ-ын гишүүдийн 2-5 хувийн суудал авсан байх тухай заасан байдаг. Гэтэл манай улсад нийт гишүүдийн суудлын 10 хувь болгон өөрчилсөн байгаа нь цөөн гишүүдтэй намыг хавчиж, иргэдээ төлөөлөх эрхийг боомилж байгаа нэг хэлбэр. Нөгөөтэйгүүр олон намын тогтолцоог бий болгоно гэх боловч үнэн хэрэгтэй улам л нэг намын тогтолцоо руу шилжиж байна. 

Хуулийн төслийг боловрсуулсан гишүүдийн тайлбарлаж буйгаар олон гишүүд бүгд үг хэлэх боломжтой болбол УИХ-ын үйл ажиллагаа хэтэрхий сунжирч, цаг их авна хэмээн тайлбарлаж буй. Гэтэл энэ нь УИХ-д иргэдийг төлөөлөх гишүүдийн үзэл санаа бус намын үзэл санаа ноёлно гэсэн үг. Өөрөөр хэлбэл Үндсэн хуульд заасан Засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна гэсэн заалтыг хумьсан хуулийн төслийг Нямаагийн Энхболд тэргүүтэй гишүүд боловсруулжээ. 




Өнөөдөр морь өдөр

22 цагийн өмнө