"Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа" гэж мэдэгдэв

"Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа" гэж мэдэгдэв

НИТХ-ын ээлжит XXII хуралдаан болж байна. Хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн талаарх авах зарим арга хэмжээ, агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, авто замын түгжрэлийг бууруулах, орон сууцны бодлогын чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, тогтоолын хавсралт хүчингүй болгох болон бусад асуудлын талаар хэлэлцлээ.

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид шилжүүлсэн. Харин 2004 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болгох шийдвэрийг НИТХ-аас бус “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөр шийдсэн байдаг. Улмаар 2007 онд компанийн дүрэмд бус Т.Нямдаваагийн хүсэлтэд үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газар тус компанийг 100 хувь Т.Нямдаваагийн эзэмшил болгон бүртгэжээ. Төв цэнгэлдэх хүрээлэн нь анх спортын зориулалтаар олгосон 38.6 га талбайтай байсан ч өнөөдөр 12.6 га газар эзэмшилд нь үлдээд буй. Тодруулбал, нийслэлийн үе үеийн Засаг дарга нар болон “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн удирдлагууд 2005 оноос хойш тус орчмын газрыг бусдад эзэмшүүлж, 29 аж ахуйн нэгжид олгосон байна. Түүнчлэн 2008 оноос хойш нийслэлээс 4.6 тэрбум төгрөг зарцуулан тус хүрээлэнд тохижилт, урсгал засвар хийсэн ч энэ хугацаанд 49 хувийг эзэмшиж буй нийслэлд зөвхөн 32.7 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилжээ. Улмаар уг өмчийн маргааны асуудлыг шалгуулахаар нийслэлийн зүгээс Авлигатай тэмцэх газарт хандсан юм.

Иймд цаашид “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн газрыг тусгай хэрэгцээнд авч, олон нийтийн оролцоотой компани болгон өөрчилж зохион байгуулах шаардлагатай байгаа тул тус хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авах, хувьцаа эзэмшигчдийн хуралд НИТХ-ыг төлөөлж хэлцэл хийх асуудлыг ийнхүү НИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлсэн.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Энэ мэт нийслэлийн өмчийг хууль бусаар ашиглаж буйг зогсоож, нийслэлийн мэдэлд буцаан авна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд нэгэнт баригдсан барилгыг шууд буулгах эрх Нийслэлийн Засаг дарга болон НИТХ-д байхгүй учраас хуулийн байгууллагаар шийдвэрлүүлнэ. Энэ онд Төв цэнгэлдэх хүрээлэнд засвар шинэчлэл, тохижилт хийж, зочдын суудлын тоог нэмэн, зүлгийг сайжруулж, индрийн хэсгийг өөрчилнө. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд ус их тогтдог тул усны хаялга хийх зураг төсвийг боловсруулж, барилгын ажлыг эхлүүлсэн. Мөн Үндэсний их баяр наадмаар гарах худалдаа үйлчилгээнд стандарт тогтооно” гэв.

Ийнхүү “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн хувийн өмчийн хувьцааны хууль ёсны өвлөгчид өвлөх эрхээсээ татгалзах хүсэлт гаргасныг үндэслэн өр төлбөрт суутган тооцох хэлцэл хийж, орон нутгийн өмчид 100 хувь шилжүүлэн авах арга хэмжээг зохион байгуулах буюу “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн талаарх авах зарим арга хэмжээ тухай тогтоолын төслийг редакцийн засвартайгаар баталлаа.