БАРИМТ: Улсын арслан Э.Оюунболд "Аварга цолыг хурааж, барилдах эрхийг нь хассан допингийн асуудал"-аар Улсын Дээд шүүхэд хандлаа

БАРИМТ: Улсын арслан Э.Оюунболд "Аварга цолыг хурааж, барилдах эрхийг нь хассан допингийн асуудал"-аар Улсын Дээд шүүхэд хандлаа

Улсын арслан Э.Оюунболд Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадамд барилдсан 512 бөхөөс 9 даван түрүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын аварга цол хүртэж байсан билээ. Гэсэн ч "Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын түүнээс авсан сэргээшийн шинжилгээнээс "допинг илэрсэн" гэх үндэслэлээр Э.Оюунболдын цолыг хурааж, барилдах эрхийг нь хоёр жилээр хасаж байв. 

Тэгвэл Э.Оюунболд Арслан уг асуудлаар Улсын Дээд шүүхэд ханджээ. Тэрбээр өөрөөс нь сэргээшийн шинжилгээ авсан эрх мэдэлтнүүд нь "Монголын допингийн эсрэг байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авч төлөөлөх эрхгүй этгээдүүд шинжилгээ авах ажиллагааг зохион байгуулсан" буюу шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулахаар шүүхэд хандсан байна. 

-ШИНЭЭР ИЛЭРСЭН НӨХЦӨЛ БАЙДЛЫН УЛМААС ГУРВАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХЯНУУЛАХААР ДЭЭД ШҮҮХЭД ХАНДЛАА-

 

Тодруулбал, тэрбээр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдох, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны зургаадугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2020/0423 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны долдугаар сарын 21-ний өдрийн 438 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 398 дугаар тогтоолыг "шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах"-аар Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Уг хүсэлтийг Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүх энэ сарын 22-ны өдөр /2024.04.22/ хянан хэлэлцэхээр товложээ. 

-ГУРВАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭР Э.ОЮУНБОЛДЫН ЭСРЭГ ГАРЧ БАЙВ-

Улсын арслан Э.Оюунболд нь Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадамд барилдсан 512 бөхөөс 9 даван түрүүлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын аварга цол хүртсэн юм. Тиймээс "Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага" тухайн наадамд 16-д үлдсэн бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авч, бөхчүүдийн шээсний дээжийг БНСУ-ын шинжлэх ухаан, технологийн институтийн Сэргээшийн хяналтын төв лабораторид шинжлүүлсэн байдаг. Уг шинжилгээгээр 4377891 дугаартай сэргээшийн шинжилгээний дүгнэлтээр Э.Оюунболдын шээсний А дээшид сэргээшийн шинжилээний эм зүйн ангилалд хамаарах хориотой 4 төрлийн бодис /S1.1А бүлгийн Станозолол, S4 бүлгийн Мелдониум, S5 бүлгийн Гидрохлортиайзид, Хлортиазид/ илэрсэн гэх дүгнэлт гарсан юм. 

Тиймээс Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн салбар хороо 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар Э.Оюунболдын шинжилгээнд сэргээшийн төрлийн бодис илэрсэн талаарх асуудлыг хэлэлцэж, улмаар Үндэсний бөхийн салбар хорооны 2019 оны 09 дүгээр сарын 02 өдрийн 08 дугаар албан бичгээр санал хүргүүлж, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай 08 дугаар тогтоол гаргаж, Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж Монгол Улсын аварга цолны болзол хангасан Э.Оюунболдын уг барилдаанд барилдаж давсан даваа тус бүрийг хүчингүйд тооцож, Э.Оюунболдын барилдах эрхийг хоёр жилийн хугацаанд хасаж, түүнд унасан бөхчүүдэд цол олгуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж шийдвэрлүүлэхээр болсон байдаг. 

Харин Э.Оюунболд нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан ч түүний нэхэмжлэлийн  шаардлагыг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүх болон хяналтын шатны шүүхүүд зарим заалтуудад өөрчлөлт оруулсан ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж байсан юм. 

-Э.ОЮУНБОЛД: НАМАЙГ НААДАМД ТҮРҮҮЛЖ БОЛОХГҮЙ, БУУЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ, ҮГҮЙ БОЛ СЭРГЭЭШИЙН ШИНЖИЛГЭЭНД УНАГААНА ГЭЖ СҮРДҮҮЛЖ БАЙСАН-

Тэрбээр шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлдээ "Би сэргээшийн төрлийн хориотой бодис огт хэрэглээгүй байхад шинжилгээгээр илэрсэн гэж байгаад маш их гайхаж байна, Намайг наадамд түрүүлж болохгүй, бууж өгөх хэрэгтэй, эс тэгвээс сэргээшийн шинжилгээгээр унагаана гэж сүрдүүлж байсан тохиолдол ч байгаа. Надаас авсан шинжилгээний хариу өөрөө маш их эргэлзээтэй, шинжилгээний А сорыц авахаас эхлээд шинжилгээний хариу гарах хүртэл ямар нэгэн байдлаар хууль бус үйл ажиллагаа явагдсан байж болзошгүй. Шинжилгээ өөрөө үнэн зөв баталгаатай болох нь нотлогдоогүй" хэмээн маргаж байсан байна. 

Гэсэн ч анхан шатны шүүх дээрх тайлбар үндэслэлийг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл гурван шатны шүүх агуулгын хувьд Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагын авсан 4377891 дугаартай сэргээшийн шинжилгээний дүгнэлт нь хүчин төгөлдөр гэж дүгнэн Э.Оюунболдын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

-Э.ОЮУНБОЛДООС ШИНЖИЛГЭЭ АВСАН ЭРХ МЭДЭЛТНҮҮД НЬ МДЭБ-ЫН ЭРХ МЭДЛИЙГ ХУУЛЬ БУСААР АВЧ, ТҮҮНЭЭС ШИНЖИЛГЭЭ АВСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ БАЙНА-

Тэгвэл Э.Оюунболд Арслангаас сэргээшийн шинжилгээ авсан эрх мэдэлтнүүд нь Монголын допингийн эсрэг байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авч төлөөлөх эрхгүй этгээдүүд шинжилгээ авах ажиллагааг зохион байгуулсан байж болзошгүй байгаа аж. 

Тодотговол, Монгол Улсын Засгийн газар 2005 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр "Спортод сэргээшийн эсрэг Копенхагены тунхаглалд нэгдэн орох тухай" 79 тоот тогтоолоор Копенхагены тунхаглалыг хүлээн зөвшөөрч, 2007 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн "Спортод сэргээш хэрэглэхий эсрэг олон усын конвецид Монгол Улс нэгдэн орсныг соёрхон батлах тухай" хуулиар "Спорт дахь допингийн эсрэг ЮНЕСКО конвенцид нэгдснээр, Дэлхийн допингийн эсрэг дүрмийг хүлээн зөвшөөрсөн. Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 5.1 шинжилгээ авах эрх бүхий байгууллага гэж Монгол Улсын хувьд Монголын Допингийн эсрэг байгууллага юм. Эрх бүхий байгууллага нь допингийн эсрэг шинжилгээ авахдаа олон улсын дүрэм болон стандартаар хяналтын ажилчдыг сонгох томилох, ажиглагч нарыг сонгох томилох, дээжийн сав бэлдэх, дээж авах байрыг сонгон баталгаажуулах шээх үйл явцыг хянах зэрэг бүхий л үйл ажиллагааг хянаж шалгаж дээрх дүрэм журамд нийцүүлэн дээж авах үйл ажиллагааг зохион байгуулах үүрэгтэй.

Мөн "Үндэсний их баяр наадмын бөх, харваачид сэргээшийн шинжилгээ хийх журмын"-ын 7.1-д бөх сэргээш хэрэглэсэн тухай дүгнэлт нь Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 14 дугээр зүйлд заасан шийтгэл оногдуулах үндэслэл болох ба 7.3-д Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хороо нь сэргээш  хэрэглэсэн тухай салбар хороо болон допингийн эсрэг төвийн дүгнэлтийг үндэслэн шийдвэр гаргахаар журмалсан.

Допингийн эсрэг шинжилгээ авах үйл ажиллагааг зохион байгуулсан, сэргээш хэрэглэсэн эсэх дүгнэлтийг гаргасан этгээдүүд Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагыг 2017 оны 02 сарын 23 өдрөөс хойш төлөөлөх эрхгүй, хууль бус байсан нь тогтоогдож улмаар улсын бүртгэлээс хасагдсан байна. Допингийн эсрэг байгууллагыг төлөөлөх эрхгүй этгээдүүдийн аливаа шийдвэр нь тухайн байгууллагыг төлөөлөх эрх зүйн үндэслэлгүй гэж үзвэл тэдний гаргасан баяр наадмын оролцогчдоос шинжилгээ авах шинжээч томилсон, ажиглагч томилсон, шинжилгээний сав сонгосон, шинжилгээ авах үйл ажиллагаа, шинжилгээ төлөвлөх үйл явц, гэх мэт 2019 оны баяр наадмын үеэр шинжилгээтэй холбоотой бүхий л бичиг баримт нь хууль бус гэж ойлгогдож байгаа аж.

Хэрэв Э.Оюунболдын нэхэмжлэлийг хянан шийдвэрлэгдэж байсан 2019 оны цаг хугацаанд Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага, дээж цуглуулсан этгээдүүд нь төлөөлөх эрхгүй хууль бус байсан нь мэдэгдсэн бол тухайн байгууллагыг төлөөлөх эрх зүйн чадамжгүй этгээдүүдийн гаргасан бүхий л шийдвэр, албан бичгүүд нь хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдож нэхэмжлэлийн үндэслэл нотлогдож нэхэмжлэлийн шаардлага өөрөөр шийдэгдэх боломжтой байсан хэмээн Э.Оюунболд Арслан үзжээ.

Өөрөөр хэлбэл маргаан бүхий актын үндэслэл болсон Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагын авсан 4377891 дугаартай шинжилгээ нь хууль бус болох нь нотлогдох байсан гэж үзэж байгаа аж.

-Э.ОЮУНБОЛД "АВАРГА ЦОЛЫГ НЬ ХУРААЖ, БАРИЛДАХ ЭРХИЙГ НЬ ХАССАН ШИЙДВЭР"-ИЙГ ДАХИН ХЯНУУЛАХЫГ ХҮСЛЭЭ-

Тэрбээр энэ талаар "Гурван шатны шүүх Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагын авсан 4377891 дугаартай шинжилгээг эцсийн үнэн зөв гэж үнэлж дүгнэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Гэтэл шинжилгээ авсан байгууллага нь хууль бус удирдлагатай хууль бусаар бусдын гарын үсгийг хуурамчаар зурж гэмт хэргийн шинжтэй үйлдлээр допингийн эсрэг байгууллагын эрх мэдлийг авсан байна.

Миний бие нэр бүхий этгээдүүд хууль бусаар Монголын допингийн эсрэг байгууллагын эрх мэдлийг авсан гэдэг мэдээллийг олон нийтийн хэрэгслээр 2024 оны гуравдугаар сарын 14 өдөр олж мэдээд "Улсын бүртгэлийн еренхий газрын нээлттэй цахим мэдээллийн сан болох www.opendata.burtgel.gov.mn сайтын мэдээллийн санг шалгаж үзэхэд допингийн эсрэг байгууллагын 2017 оноос хойших бүх бүртгэлийг нь хүчингүй болгож хассан талаар олж мэдлээ.

Шүүхийн шийдвэр гарах үед Монголын допингийн эсрэг байгууллага хууль бус бүрэлдэхүүнээр шинжилгээ авсан нь мэдэгдээгүй байсан, энэ нотлох баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэлд нөлөөлж болохуйц баримт 2024 оны гуравдугаар сарын 14 өдөр ил болсон учраас миний бие Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 заасан үндэслэлээр хүсэлт гаргаж байна.

Иймд Монголын допингийн эсрэг байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авч төлөөлөх эрхгүй этгээдүүд шинжилгээ авах ажиллагааг зохион байгуулсан нь одоо мэдэгдэж байгаа тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 14 өдрийн 423 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21 өдрийн 0438 дугаартай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн танхимын 2020 оны 1 дүгээр сарын 02 өдрийн 398 дугаартай тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хянуулах хүсэлт гаргасан байна" гэжээ.