Дайны холбогдолтой арга хэмжээ зохион байгуулсан гэх асуудалтай холбоотойгоор БЕГ-аас чиглэл өглөө

Дайны холбогдолтой арга хэмжээ зохион байгуулсан гэх асуудалтай холбоотойгоор БЕГ-аас чиглэл өглөө

Олон нийтийн сүлжээнд боловсрол, сургалтын байгууллагууд цэрэг, дайны холбогдолтой арга хэмжээ зохион байгуулсан гэх асуудал гарсантай холбоотойгоор Боловсролын ерөнхий газраас ЕБС болон сургалтын байгууллагуудад чиглэл өглөө.

Тус чиглэлд, “ЕБС-ийн сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн дөрөвдүгээр улирлын хичээл сургалтын үйл ажиллагаа эхэлж, багш, байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээ хуваарийн дагуу зохион байгуулагдсан ажлын үр дүн ахиц дэвшлээ үнэлүүлэх хариуцлагатай үе ирж байна. Үүний зэрэгцээ анги дэвших, төгсөх шалгалт, элсэлтийн ерөнхий шалгалтын хугацаа ойртсон энэ үед суралцагчдын ачааллыг харгалзан үзэж төлөвлөгөөнд тусгагдаагүй олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглож элдэг ачааллаар дарахгүй байхыг зөвлөж байна.

Ялангуяа 2023е2024 оны хичээлийн жилийн сүүлийн хагас жилийн төлөвлөгөөнд тусгаагүй, Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газар, орон нутгийн боловсролын шинжлэх ухааны газар, хэлтсээс чиглэл өгөөгүй аливаа уралдаан тэмцээн, арга хэмжээг зохион байгуулахгүй байх нь зүйтэй.

Сүүлийн өдрүүдэд боловсролын сургалтын байгууллагын албан ёсны зөвшөөрөлгүй байгууллагууд дур  мэдэн Монгол Улсын газар нутагт аливаа цэрэг, дайны холбогдолтой арга хэмжээ зохион байгуулсан тухай нийгмийн сүлжээгээр иргэд шүүмжилж байна. Хуулиар хориотой тул ийм төрлийн хууль бус, үзэл суртлын хэлбэрийн арга хэмжээ хийхийг хатуу хориглож, эцэг эх асран хамгаалагч, анги удирдсан багш, суралцагчдад зөвлөмжийн ажиллах чиглэлийг өмчийн бүх хэлбэрийн сургалтын байгууллагын удирдлагуудад хүргүүлж, хяналт тавьж ажиллана уу” гэжээ.