Х.Баттулгын “100 жилээр газар эзэмшүүлэх нь” гэсэн худлыг Г.Занданшатар үргэлжлүүлж “Хөрөнгө оруулагчид монголд газар ашиглах” хуульгүй болгож тэднийг үргээлээ

Х.Баттулгын “100 жилээр газар эзэмшүүлэх нь” гэсэн худлыг Г.Занданшатар үргэлжлүүлж “Хөрөнгө оруулагчид монголд газар ашиглах” хуульгүй болгож тэднийг үргээлээ

УИХ-ын чуулганы өчигдөр /2024.04.11/-ийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн П.Цэрэнпунцаг нарын өргөн мэдүүлсэн “Хөрөнгө оруулалтын тухай” хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлгээр нь баталлаа. 

Ингэснээр УИХ-ын дарга З.Энхболдын үед буюу 2013 онд баталсан “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн 12.1.1-д заасан “Газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах” гэсэн заалтыг хүчингүй боллоо. Хуулийг ЭНД ДАРЖ уншина уу. Харин нөгөө талд энэ нь монголын уул уурхайд хөрөнгө оруулах гэсэн гадаадын хөрөнгө оруулагчдыг нэг мөр хөөж байж магадгүй байна. 

ВИДЕО:  Х.Баттулга, Ч.Хүрэлбаатар нарын мэдээлэл

-“ГАЗРЫГ 100 ЖИЛЭЭР ЭЗЭМШҮҮЛНЭ” ГЭСЭН ЗААЛТЫГ ХАСАХ Ч.ХҮРЭЛБААТАРЫН ХУУЛИЙН ТАЛААР Х.БАТТУЛГА “ИЛТ ХУДАЛ” МЭДЭЭЛЭЛ ТАРААЖ, ТӨСӨЛ УЛС ТӨРӨӨ ДААХГҮЙ ЗОГСОВ-

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн 12.1.1 дэх заалтаас “эзэмшүүлэх” гэсэн үгийг хасах хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнгөрөгч нэгдүгээр сар /2024.01/-д УИХ-д өргөн барьсан. Гэтэл Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан энэхүү хуулийн төсөл “улс төрөө даалгүй зогссон” юм. Тодруулбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулга уг “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр улс төр хийж, “Ч.Хүрэлбаатар гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх хуулийн төслийг оруулж ирлээ” хэмээн илт худал мэдэгдлийг удаа дараа хийснээр хуулийн төсөл гацсан юм. 

Хамгийн ноцтой нь, “Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлнэ” гэсэн хуулийн заалтыг хасах гэтэл, Ерөнхийлөгч асан Х.Баттулга “газрыг 100 жилээр гадаадын иргэнд эзэмшүүлэх нь” хэмээн худал мэдээлэл хийж, улс төржиж байсан нь анхаарал татдаг. 

Учир нь Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн төслийн 16.1.1-д “Газрыг 15-60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах” гэж оруулж, Х.Баттулга нарын яриад байгаа “эзэмшүүлнэ” гэсэн үгийг хассан байсан юм. Хуулийн төслийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

-ГАДААДЫН ИРГЭН "МОНГОЛД ГАЗАР ЭЗЭМШИХ" НЬ ҮНДСЭН ХУУЛЬ БОЛООД ГАЗРЫН ХУУЛИАР ХОРИОТОЙ, ЗӨВХӨН “АШИГЛАХ” ЭРХТЭЙ БАЙСНЫГ Г.ЗАНДАНШАТАР ХАСЛАА-

Тэгвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулгын улс төрийн “худал” пиарыг УИХ-ын дарга Г.Занданшатар үргэлжлүүлж, “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн 12.1.1-д заасан “Газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах” гэсэн заалтыг хүчингүй болголоо. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулагчид монголд “газар ашиглах” боломжгүй болж манай улсын уул уурхайд хөрөнгө оруулахгүй байх нөхцөл бүрдэж байж болзошгүй байна. 

Тэгвэл хамгийн ноцтой нь, Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн 12.1.1-д заасан “гадаадын иргэн монголд газар эзэмших” гэсэн заалт Үндсэн хууль болоод Газрын тухай хуулиар хэрэгжих ямар ч боломжгүй, огт хэрэгждэггүй заалт байсан байна. 

Тодруулбал, Үндсэн хуулийн 6.5-д, “Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно” гэж заажээ. Хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү.  Харин “Газрын тухай” хуулийн 30.1-д “Газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно. Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна” гэж заасан байна. Мөн хуулийн 31.1-д “Газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна” гэжээ. Хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Энэ нь Үндсэн хууль болоод Газрын тухай хуулиар гадаадын иргэн Монгол Улсад газар эзэмших нь хориотой, зөвхөн газар “ашиглах” л боломжтой гэсэн үг. Гэтэл УИХ-ын дарга Г.Занданшатар “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн төслийн 12.1.1 дэх заалтыг хүчингүй болгосноор, гадаадын хөрөнгө оруулагчид “монголд газар ашиглах”-ын тулд уул уурхайд хөрөнгө оруулах ямар ч боломжгүй болгож байж болзошгүй байна. 

-Х.БАТТУЛГА, Г.ЗАНДАНШАТАР НАР “САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРД”-ЫН АСУУДАЛ АРБИТРЫН ШҮҮХЭД МАРГААН ҮҮСГЭНЭ ГЭДГЭЭС БОЛГООМЖИЛЖ БАЙЖ БОЛЗОШГҮЙ-

Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар хоёрын “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийг төслийг эсэргүүцэж, эцэст нь нэг заалтыг хүчингүй болгож байгаа нь “Салхитын мөнгөний орд”-той холбоотой байж болзошгүй юм. 

Тодруулбал “Салхитын орд"-ыг төрд авах ажлын автор нь экс Ерөнхийлөгч Х.Баттулга. Технологийг хэрэгжүүлэгч нь УИХ-ын дарга Г.Занданшатар. Тэрбээр ЗГХЭГ-ын дарга байхдаа 2018 оны 12 дугаар сард тагнуул, цагдаагийн тусгай, дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэйгээр прокурорын хяналтын дор тусгай ажиллагаа зохион байгуулж Дундговь аймгийн Гурвансайхан суманд байдаг алт, мөнгөний том орд болох Зүүн болон Салхитын ордын 2043 он 2047 он хүртэлх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалж, улсын мэдэлд авсан. Улмаар тэтгэврийн зээлтэй иргэдийн тэтгэврийн зээлийг тэглэх, зээлгүй ахмадуудад хувь хүртээх ажлыг хийж байв. Монголын ард түмний уухайн дуу, алга ташилтын дор хэрэгжсэн тусгай ажиллагаа нөгөө талаар монголд хөрөнгө оруулалт хийвэл төрд нь ийнхүү дээрэмдүүлнэ гэсэн таагүй мессежийг гаднынханд өгсөн байж магадгүй. Харин үүнээс хойш хэдийнээ таван жил өнгөрчээ.

Харин Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын санаачилсан “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 30.2-д “Энэ хуулийн 30.1-д заасан маргааныг 6 сарын дотор хэлэлцээний замаар шийдвэрлэж чадаагүй, талууд өөрөөр харилцан тохиролцоогүй тохиолдолд хөрөнгө оруулалттай холбоотой маргааныг Хөрөнгө оруулалттай холбоотой маргааныг зохицуулах олон улсын төвийн арбитрын журмын дагуу шийдвэрлүүлж болно” гэж оруулжээ. Хуулийн төслийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Товчхондоо,  хууль батлагдвал “Салхитын орд” зэрэгт хөрөнгө оруулсан гадаадын иргэд зөвхөн олон улсын арбитрын шүүхэд хандан шийдвэрлүүлнэ гэсэн үг.

Иймд “Салхитын орд”-ын асуудалд нэр холбогдох болсон Х.Баттулга, Г.Занданшатар нар олон улсын арбитрын шүүхээс болгоомжилж “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн төслийг эсэргүүцсэн байж болзошгүй. Харин одоо мөрдөгдөж буй “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн 6.9-д “Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол хөрөнгө оруулагч нь төрийн байгууллагатай байгуулсан гэрээний харилцаанаас үүсэх маргааныг талууд харилцан тохиролцсоны дагуу гадаадын, эсхүл дотоодын арбитрыг томилон шийдвэрлүүлэх эрхтэй” гэж заажээ.

Сонирхуулахад,  манай улсад маргааныг шүүхээр шийдвэрлэж байгаа дундаж хугацаа зургаан жил, харин арбитр дээр хэрэг маргааныг шийдвэрлэх дундаж хугацаа зургаан сар. Цаашид хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгийг тэгш, хүртээмжтэй хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай зүйл бол аливаа маргааныг хурдан шуурхай, шударга шийдвэрлэх явдал юм. Нөгөө талаараа УИХ-ын чуулганаар өчигдөр гаргасан шийдвэр нь гуравдагч хөршийн хөрөнгө оруулагчдад сөрөг мессеж өгсөн, манай аль нэг хөрш оронд ашигтай ажиллагаа ч явж байж магадгүй юм.